УУХҮ Сайд Д.Сумъяабазар Тавантолгой - Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтийн чиглэлээр засгийн газрын албан даалгаврын хэрэгжилтийг хангуулахаар Өмнөговь, Дорноговь аймагт ажиллав

УУХҮ сайд Д.Сумъяабазар  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарын хамт Өмнөговь аймгийн Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэнд үүсч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх тухай Засгийн газрын 2019 оны 01 дугаартай албан даалгаврт тусгагдсан ажлын хэрэгжилтийг хангуулахаар  2019 оны 8 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд  Тавантолгой нүүрсний уурхай болон Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад боомт Дорноговь аймагт  ажиллав.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дах Тавантолгойн нүүрсний уурхайгаас нүүрсний тээвэрлэлтийг Ханбогд сумын Цагаанхад, Цагаанхад-Гашуунсухайт боомтын чиглэлд улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг 189 аж ахуйн нэгжийн 13327 хүнд даацын тээврийн хэрэгслээр гүйцэтгүүлж байна.

Нүүрсийг чингэлгээр  тээвэрлэхээр шийдвэрлэсэн нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгана.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хадны Гаалийн хяналтын бүсээс Гашуунсухайт-БНХАУ-ын Ганц мод боомтын чиглэлд энэ оноос эхлэн  нүүрсийг чингэлгээр тээвэрлэх үйл ажиллагааг туршилтаар эхлүүлсэн бөгөөд одоогоор “MCPL” ХХК 100, “Эко глобал ложистик” ХХК 40, “Улаанбаатар транс” ХХК 15  чингэлэгээр тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг оруулж ирээд байгаа бөгөөд  нүүрсийг буулгахгүйгээр чингэлэгтэй нь өөр тээврийн хэрэгсэлд шилжүүлэн ачиж хилийн боомт хүртэл тээвэрлэх улмаар гуравдагч орны далайн боомтуудад хүргэх зорилт тавин ажиллаж байна. Чингэлэг тээврийг эхлүүлснээр тээвэрлэлтийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспортын хэмжээ 30%-иар өсөх бөгөөд жолоочийн хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, байгаль орчинд сөрөг нөлөө үүсэхгүй болно. Мөн нүүрсний жин болон чанар алдахгүй байх давуу талтай. Энэхүү чингэлэг тээврийн үйл ажиллагааг нэвтрүүлж байгаа нь нүүрс тээврийн зохион байгуулалтыг шинэ шатанд гаргах эхлэл тавигдах ач холбогдолтой юм.

“Тээвэрчдийн  хотхон”-ы барилга угсралтын ажил 70 хувьтай байна.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УУХҮ сайд Д.Сумъяабазар,  Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар Цагаан хаданд нүүрс тээврийн жолооч нартай уулзав. Уулзалтын үеэр жолооч нар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт баригдаж байгаа эмнэлэг, саун, халуун ус, 100 жолоочийн амрах байр бүхий “Тээвэрчдийн хотхон”-ыг байгуулж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв. Энэ барилгын ажлын явц 30 хувьтай  явагдаж байна. Мөн Гашуунсухайт боомтын орчинд баригдаж байгаа 2500 автомашины  зогсоол бүхий “Тайван зогсоол” нь нүүрс тээврийн зам дээр үүсэх 60 км урт дарааллыг хүлээн авах багтаамжтай. Одоогийн байдлаар Хөгжлийн банкны санхүүжилтээр авто зогсоолын зам талбайн ажлыг дуусгасан  бөгөөд 6 блокийн барилга угсралтын ажил 70 хувьтай  явагдаж байна.

Мөн Тавантолгой- Гашуун сухайт чиглэлийн хатуу хучилттай 239 км авто замын зам засварын ажилтай танилцахад  0-50км замын засварын ажил 100 хувь, 50-100км замын засварын ажил 50 хувь,  100-150 км засварын ажил 3,2 хувь, 150-200 км замын засварын ажил 99 хувь, 200-237 км замын засварын ажил 14,2 хувьтай явагдаж байна.

Тээврийн  “С” зөвшөөрөл олгох үйл явц  “шилэн” боллоо.

 Зам тээврийн хөгжлийн яамнаас хилийн боомтуудаар улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгсэлд зөвшөөрлийн бичиг олгох квотыг үндэслэн ЗТХСайдын тушаалаар батлагдсан хил нэвтрэх “С” зөвшөөрлийн бичиг олгох     журмын дагуу “Тээврийн нэгдсэн систем”-ийг ашиглалтад оруулж, тээвэр зохион байгуулалтад оролцох бусад байгуулллагуудад ашиглах боломжийг бүрдүүлэн энэ оны III улирлаас улс хоорондын ачаа тээвэрлэлт нүйцэтгэх зөвшөөрлийн бичгийг тээврийн нэгдсэн системээр олгон ажиллаж байна. Ингэснээр Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын өгсөн чиглэлийн дагуу уурхайгаас тухайн онд экспортлох ашигт малтмалын экспортын квотын тоо хэмжээ, хилийн боомтын нэвтрүүлэх чадвартай уялдуулан тээвэр төлөвлөлтийн тооцооллын дагуу ажиллах давуу талтай юм. Цаашид  Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад суурьшлын бүс орчмын улс, хот хоорондын ачаа болон зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулж, нэгдсэн зохион байгуулалтанд оруулах, үйл ажиллагаанд тогтмол хяналт тавин ажиллах бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор  АТҮТ-ийн  шинээр байгуулахаар шийдвэрлэв.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил амжилттай хэрэгжиж байна.

 Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтанд оруулах гэж, Засгийн газрын 2017 оны “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 142 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөрт “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 орчим  км төмөр замыг барьж дуусгахаар тусгасан.  

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 242 дугаар тогтоолоор Монголын төмөр зам, Эрдэнэс Тавантолгой ХК –тай хамтран Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төрийн өмчийн “Тавантолгой төмөр зам” ХХК-ыг  байгуулсан. Энэ төмөр замын ажлын гүйцэтгэлтэй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн танилцав.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Манлай, Баян-Овоо,Ханбогд сумын нутаг дэвсгэрийг хамран 240 км урт, 2 өртөө,5 зөрлөгтэй байна. Уг төмөр зам баригдсанаар манай улс жилдээ 30 сая орчим тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох боломжтой болох бөгөөд  2019 -2021 онд төмөр замын бүтээн байгуулалтын  ажил хийгдэж дуусна.

Одоогийн байдлаар дээд,доод бүтцийн барилга угсралт 51,84% /газар шорооны ажил 86,6 %,гүүр 52,7%, хоолой 52,06%/-ийн гүйцэтгэлтэй байна.