Аж ахуйн нэгжүүдийн анхааралд
Монгол орны нийт нутгаар бороо ихээр орж байгаатай холбогдуулан гол мөрний усны түвшин нэмэгдэж Улсын баяр, наадмын өдрүүдэд болон баярын дараагаар бороо ихээр орж усны түвшин улам нэмэгдэх төлөвтэй байгаа тул Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх далан, суваг, шуудууг сэргээх, голын ай, сав, гуу, жалга, уулын усны буулт бүхий газар байрлах уурхай, уулын үйлдвэр, үйлдвэрийн болон ахуйн барилга байгууламж, уурхайн ханын болон овоолгын тогтворжилтыг хангаж ажиллахыг анхааруулж байна.
Мөн өдөр тутмын үйл ажиллагаандаа уурхайн ажиллагсадын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг онцгой анхаарч, “Ашигт малтмалын тухай” хууль, “Ашигт малтмалыг баяжуулах, ялгах, бутлах, хүдэр баяжмалыг бөөнцөглөх, фабрикийн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”, “Ил уурхайн аюулгүйн ажиллагааны нийтлэг дүрэм”, “Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрэм”, “Нүүрсний ил уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн шаардлагуудыг хангаж ажиллахыг анхааруулан сэрэмжлүүлж байна.