Хайгуулын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
Геологийн суурь судалгааны 30 гаруй төсөл хэрэгжиж байна
Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогттой ярилцлаа.
-Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад уул уурхайн салбар голлох үүрэг гүйцэтгэх нь үнэн. Төсвийн нийт орлогын 20 гаруй хувийг дангаар бүрдүүлж байгаа тус салбарын өрсөлдөх чадвар өнөөдөр ямар түвшинд байна вэ?
-Канадад төвтэй “Фрейзерийн хүрээлэн”-гээс уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах чадварыг уул уурхайтай орон бүрээр жил бүр үнэлж гаргадаг. Уг судалгааны дүнгээр манай улс 150 орноос хөрөнгө оруулалт, геологийн үзүүлэлтээр 85 дугаарт эрэмбэлэгдсэн. Энэ нь одоогийн нөхцөл байдлаа илүү сайжруулах шаардлагатайг илтгэж байна.
Мөн Дэлхийн байгалийн нөөцийн засаглалын хүрээлэн гэж байдаг. Тус байгууллагын судалгаагаар манай улс уул уурхайг эрчимтэй хөгжүүлж буй 55 орноос 25-д орж байгаа нь бас л чамлах үзүүлэлт болж байгаа юм. Тиймээс дүгнэлт хийж, алдаж байгаа үзүүлэлтээ бодлогын түвшинд анхаарах нь чухал. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахын тулд дээрх судалгааг анхааралтай ажиглаж, өрсөлдөх чадвараа сайжруулахаас ихээхэн хамаарах нь дамжиггүй.
-Танайхаас хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг сонирхсон компанид олгосон ч орон нутаг нь зөвшөөрдөггүй. Үүнээс болж зарим компани алдагдал хүлээж, улмаар гадаадын хөрөнгө оруулагчдад сөрөг “мессеж” хүрдэг. Энэ байдлыг яаж өөрчлөх вэ?
-Ашигт малтмалын салбарт Засгийн газраас ихээхэн ач холбогдол өгч, ачааны хүндийг үүрүүлэх гэж байгаа бол шийдвэр нь орон нутагт ч хэрэгжих учиртай. Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, эрчимтэй өсөлтийг бий болгоход уул уурхайн салбарын нөлөө их. Монгол Улс төрийн нэгдсэн тогтолцоотой. Тиймээс Засгийн газрын түвшинд гарсан шийдвэр орон нутагт шууд хэрэгждэг байх учиртай. Энэ чиглэлд төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгаа.Нөгөө талаас орон нутгийн иргэдээс зөвшөөрөл авах, хамтарч ажиллах, хэлцэл хийх нь хөрөнгө оруулагчдаас өөрсдөөс нь хамаарах ажил. Тиймээс хөрөнгө оруулагчид орон нутгийн иргэд болон төрийн байгууллагад хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Орон нутгийн түвшинд хамтын ажиллагааг орхигдуулж болохгүй. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд орон нутгийн дэмжлэг, итгэлцэл чухал.
-Геологийн суурь судалгааны ажилд энэ онд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулаад байна вэ?
-9.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар геологийн суурь судалгааны ажлыг гүйцэтгэхээр болсон. Энэ хүрээнд нийт 30 гаруй төсөл хэрэгжиж байна. Ирэх онд дээрх хэмжээний хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн. Үүнээс гадна олон улсын хамтын ажиллагааны хүрээнд зарим судалгааны ажлыг цөөн хэдэн талбайд эхлүүлэхээр ажиллаж байна.
-Засгийн газраас хайгуулын тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлэн олгохоо мэдэгдсэн. Хэзээнээс хайгуулын лицензийг олгож эхлэх вэ?
-Хайгуулын тусгай зөвшөөрлийг эхний ээлжинд сонгон шалгаруулалтын журмаар олгохоор төлөвлөн бэлтгэл ажлаа хангаж байна. Ирэх сард сонгон шалгаруулалтын талбайгаа олон нийтэд ил тод зарлана. Хайгуулын ажлын үр дүнд тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайнуудыг шинээр ялгаж, сонгон шалгаруулалтын талбайг намэгдүүлэхээр зорьж байгаа. Харин ирэх оны эхний улиралд хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн талбайг зарлахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд өргөдлийн журмаар санал авах ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.
-Улсын хэмжээнд хайгуулын хэчнээн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа вэ?
-Одоогийн байдлаар хайгуулын 2100 орчим, ашиглалтын 1500 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн найман хувьд тусгай зөвшөөрөл олгочихоод байгаа. Энэ хувь хэмжээг нэмэгдүүлэх, улмаар доод тал нь 15-20 хувьд хүргэхээр төлөвлөж байна. Үүгээр дамжуулан хайгуулын салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах бодлого баримталж байгаа. Хайгуул, судалгааны ажилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлага бий. Ингэснээр бид бүхэн өөрсдийн байгалийн нөөц баялгаа илүү мэдэж авах боломжтой төдийгүй мэдээллийн баазтай болох юм.
Ирэх сард сонгон шалгаруулалтын талбайгаа олон нийтэд ил тод зарлана
-Ашиглалтын үйл ажиллагаа явуулахад бэлэн болчихсон байгаа төслүүд бий юү?
-Томоохон төслүүд бий. Тухайлбал, нүүрс, төмрийн хүдэр, алт зэрэг ашигт малтмалын орд бэлтгэгдсэн байна. Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлж байгаа. Бодлогын түвшинд дэмжиж ажиллахын зэрэгцээ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр бэлтгэл үе шатны ажлаа хангаж байна. Тодруулбал, “Алт-2” хөтөлбөр. Энэхүү хөтөлбөр гурван үе шаттай хэрэгжих юм. Алтны салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрх зүйн болон татварын орчныг тогтвортой байлгах, хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлэх нь чухал.Үр дүнд эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх төдийгүй хариуцлагатай уул уурхайн стандарт, шаардлага хангагдах ач холбогдолтой. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр судалгаа, тооцоолол нэлээд хийсэн. Харилцан ашигтай байх зарчмыг үндэслэн бизнес, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлэхээр анхаарч байна.
-Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөө удаан хугацаагаар хадгалж байгаа компани, аж ахуйн нэгжийг зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулж тодорхой түвшинд боломж олгох уу?
-Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад илүү боломж олгосон таатай нөхцөл бүрдүүлэхээр ажиллаж байна. Гэхдээ хуулийн хүрээнд шаардлага тавьж байгаа. Монгол Улсын хуульд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг 12 жил хүртэл сунгаж, хайгуул хийх боломж олгодог. Гурван жилийн хугацаатайгаар сунгах боломжтой. Нийт хугацаа нь 12 жил байдаг. Энэ хугацаанд хүрэхийн тулд тусгай зөвшөөрлийн талбайд тодорхой хэмжээнд хийх ажил болон тусгай зөвшөөрлийн төлбөр нэмэгдэж байдаг. Хэдийгээр зах зээлийн өнөөгийн байдал тааруухан ч тусгай зөвшөөрөл авсан талбайдаа хийх ёстой ажлыг нь шаардах учиртай. Мөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч хийсэн ажлынхаа тайлан, дүгнэлтийг журамд заасан хугацааны дагуу ирүүлэх шаардлагатай. Гэхдээ манай орны хайгуулын тусгай зөвшөөрлийн хураамж, хийх ёстой ажлын талбай нь харьцангуй уян хатан нөхцөлтэй. Энэ хайгуул хийгээгүй компанид дарамт болохгүй.
-Геологи, хайгуулын судалгааны мэдээлэл хаалттай хэвээр байгаа. Хаана ямар баялагтай гэдгээ ч бид баримжаалж чадахгүй тал бий.
-Тийм ээ. Сонирхсон хөрөнгө оруулагчдад төдийлэн нээлттэй байж ирсэнгүй. Гэтэл хөрөнгө оруулалт татахын тулд илүү ил тод, ойлгомжтой байх ёстой. Манай газраас геологийн суурь судалгааны мэдээллийг ил болгох, шаардлагатай мэдээллийг хүссэн иргэнд түргэн шуурхай хүргэх, мэдээллийг урсгалыг нэмэгдүүлэх шаардлага бий. Үүний тулд геологийн мэдээллийн санд байгаа тайлан, урьд өмнө улсын төсвийн хөрөнгөөр цөөнгүй ажил хийгдсэн. Эдгээр мэдээллээ ил тод болгож, улмаар хөрөнгө оруулагчдад хурдан, шуурхай танилцуулах шаардлага байна. Наад зах нь цахим системд шилжихэд тодорхой өөрчлөлт гарна. Үүний тулд геологийн мэдээллийн санд байгаа тайлан болон өмнө төсвийн хөрөнгөөр хийгдсэн материалд боловсруулалт хийж, хөрөнгө оруулагчдад нээлттэй байдлаар танилцуулна. Энэ хүрээнд хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох шаардлагатай байгаа.
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд хайгуулын тусгай зөвшөөрлийг баруун бүсэд түлхүү олгох талаар дурдсан удаатай. Тэгэхээр тусгай зөвшөөрлийг бүсчлэн олгох уу?
-Хилийн дагуух бүсэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох чиглэл баримталж байна. Баруун бүс нутгийн хувьд хайгуул, геологийн судалгааны ажил бусад бүс нутагтай харьцуулахад маш бага хийгдсэн. Алслагдсан болон хүн ам сийрэг суурьшсан, дэд бүтцийн хөгжлийн сул бүс нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шаардлага байгаа. Геологи, хайгуулын салбар дахь хөрөнгө оруулалт цэвэр тухайн орон нутагт шингэдэг онцлогтой. Баруун бүсэд тусгай зөвшөөрөл олгоно гэдэг мөнгөний урсгалыг тухайн бүс нутагт чиглүүлж байна гэсэн үг. Манай газар ашигт малтмалын хэтийн төлөв, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, хэрэгцээний талаар судалгаа хийж байна. Ойрын ирээдүйд ямар төрлийн ашигт малтмалын үнэ өсөх, эрэлт нь нэмэгдэхээр байгааг үүгээр олж тогтоох зорилготой. Тухайлбал, ойрын хугацаанд газрын ховор элемент, уран болон литийн хэрэглээ дэлхийн зах зээлд өсөхөөр байна. Тиймээс зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан хэтийн төлөв эерэг талбайд зөвшөөрөл олгохоор зорьж байгаа.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин