Шатахууны үнийн асуудлаар хэвлэлийн хурал боллоо

Өнөөдөр  шатахууны үнийн асуудлаар хэвлэлийн хурлыг зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд  Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр болон холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд  оролцож, дэлхийн газрын тосны үнийн мэдээлэл болон монгол улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгөв.

ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжсэн нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөх шалтгаан болсон бөгөөд   энэ оны 4 дүгээр сарын дунд үед мөн газрын тосны үнэ  2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 80 ам.долларт хүрсэн нь АНУ, Сири улсын геополитикийн зөрчилдөөнөөс үүссэн улс төрийн хурцадмал байдалтай холбоотой юм. Мөн 5 дугаар сараас АНУ нь Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрээс татгалзаж, Ираны эсрэг хориг арга хэмжээ авсан,  Венесуэл болон Ливи улсын газрын тосны олборлолт эрс буурсан зэрэг нь газрын тосны үнийн өсөлтөнд нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэж байна. /Өнөөдрийн байдлаар “Брент” маркийн тосны үнэ 84,16 ам.доллар байна./

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн  өсөлтэй холбоотойгоор ОХУ-ын “Роснефть” компаниас 2018 оны 10 дугаар сард шатахууны хил үнэ бүтээгдэхүүний төрлөөс хамааран өмнөх сарынхаас тонн тутамдаа  45-85 ам.доллараар нэмэгдэж, Аи-92 автобензин 766 ам.доллар/тн, дизелийн түлш 758 ам.доллар/тн үнэтэйгээр нийлүүлэгдлээ.

Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай учир дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй хилийн үнийн  хэлбэлзэл нь   шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлж ирсэн. Мөн манай шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам. доллараар төлбөр төлж, худалдаа хийдэг тул ам. долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлт ч шатахууны үнэд нөлөөлж байна. /2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар нэг ам. долларын төгрөгтэй харьцах ханш 2568 төгрөг байна./

2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 98, Аи-92 автобензин 34, дизелийн түлш 33, ТС-1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байна.