Алтны форумыг анх удаа зохион байгууллаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, АМГТГ, Монголбанк, “Bloomberg TV Mongolia”хамтран өнөөдөр /2018.10.02/ анх удаа “Алтны форум” уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Алтны салбарт тулгамдаж буй асуудлууд, сорилт, шийдэл болон өнөөгийн нөхцөл байдал, ирээдүй чиг хандлагын талаар энэ үеэр хэлэлцсэн юм.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Алтны форум”-ыг нээж хэлсэн үгэндээ “Уул уурхайн салбарыг олон тулгууртай болгох зорилтын хүрээнд алтны салбарыг тэрбум давсан ам.долларын орлого бүрдүүлдэг, тэрбум долларын салбар болгож, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт 2030-д хүрэх нэг тулгуур болгон хөгжүүлэхээр бодлогыг нь томъёолж байгаа” гэв. Мөн тэрбээр “Алт олборлогч та бүхний өнөөдөр тушаасан грамм алт бүр Монголын өрх бүрийн идэх талхны үнийг бага ч гэсэн хямдруулж, таны өнөөдөр нөхөн сэргээн ургамалжуулсан шоо дөрвөлжин газар бүр иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх тул эх оронч байж, Монголбанкиндаа алтаа тушааж, олборлолтоо хадгалж ажиллахыг уриалж байна” гэлээ.

Олон улсын геополитикийн тодорхойгүй байдлаас үүдсэн гадаад секторын тодорхой бус байдал, зах зээлийн гэнэтийн савалгаанаас сэргийлэх, тогтвортой байдлаа хадгалах, шийдэл нь алт болохыг зохион байгуулагчид, оролцогчид онцолж байна. Хэлэлцүүлгийн үеэр үндэсний алт олборлолтыг эрчимжүүлэх, улмаар алт тушаалтыг нэмэгдүүлэх замаар дотоодод валютын ханшийг тогтворжуулах, алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулж, эрдэнэсийн санг арвижуулан, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар салбарын оролцогч талууд санал бодлоо хуваалцсанаас гадна нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, дүгнэлт, зөвлөмж боловсруулсан юм.

“Алтны форум” уулзалт, хэлэлцүүлэгт зохион байгуулагчдаас гадна Сангийн яам, БОАЖЯ, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газар, МХЕГ болон алт үйлдвэрлэгч компаниуд, судлаач, шинжээчид зэрэг 200 гаруй төлөөлөл оролцов.