Нүүрс олборлох боловсруулдаг аж ахуй нэгжүүдийн анхааралд
Монгол улс уул уурхайн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гарган өндөр орлого ашигтайгаар арилжаалах бодит боломжуудыг тасралтгүй эрэлхийлсээр буйг Та анзаарч байгаа буй заа. Үүний нэг нь далайд гарах гарцтай болох асуудал билээ. Энэ талаар олон ажил хийгдсэний нэг нь “Монгол–Тяньжиний худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хэсэг”-ийг байгуулсан явдал бөгөөд Тяньжин бүсийн Хөгжил шинэтгэлийн хороо болон тус боомтын холбогдох байгууллагуудын төлөөлөл ирж оролцсон уг ажлын хэсгийн ээлжит хуралдаан 2010.12.13-ны өдөр Улаанбаатар хотноо болсон юм.
Монголын нүүрсийг дээрх боомтоор дамжуулан дэлхийн зах зээлд гаргах таатай нөхцлийг шуурхай бүрдүүлэх ажлын хүрээнд 2011 оны нэгдүгээр сарын дундуур Монголын нүүрсний аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид Тяньжин хотноо очиж Хятадын талтай Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах ба улмаар боомтын нөхцөл байдлыг газар дээр нь үзэж танилцахаар төлөвлөж байна.
Тяньжиний боомтоор олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах сонирхол бүхий нүүрсний салбарын аж ахуйн нэгжүүдийн Ажлын уулзалтыг ЭБЭХЯ-ны бодлого, чиглэлийн дор Ашигт малтмалын газар, Монгол нүүрс ассоциаци хамтран 2011.01.06-ны өдөр зохион байгуулах болсныг албан ёсоор мэдэгдэж байна.
Иймд энэхүү уулзалтанд БНХАУ-ын Тяньжин боомтоор нүүрс экспортлох нөхцөл бүрдүүлэх талаар өөрийн тодорхой төсөл, саналаа бэлтгэн ирж оролцохыг Та бүгдээс хүсье. Үүнд:
- Ордын нөөцийг өсгөх нэмэлт хайгуул судалгаа хийх
- Уурхайн олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх
- Олборлолтын техник, технологийг шинэчлэх болон шинээр нэвтрүүлэх
- Уурхайн дэд бүтцийг сайжруулах болон шинээр барьж байгуулах
- Нүүрс боловсруулах үйлдвэр байгуулах
- Нүүрс экспортлох хэлбэрээр ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулахын тулд шийдвэрлэх шаардлагатай бусад асуудлууд зэрэг болно.
Ажлын уулзалтыг зохион байгуулах цаг, байрыг жич зарлах болно.
Оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг АМГ-ын Нүүрс, судалгааны хэлтэс (Мэргэжилтэн Э.Энх-Очир-99283883)-т бүртгэнэ.
Утас: 51-263965, 51-263963
Факс: 51-263965 (С.Алтанхуяг)
e-mail: enkhochir2004@yahoo.com
АМГ-НҮҮРС, СУДАЛГААНЫ ХЭЛТЭС