Нүүрсний салбарт хамтран ажиллах гэрээ байгууллаа
2011.01.19-21-ний өдрүүдэд манай нүүрсний компаниудын төлөөлөл БНХАУ-ын Тяньжин хотноо “Монгол, Тяньжиний нүүрсний салбарын хамтын ажиллагааны анхдугаар зөвлөлдөх уулзалт”-д оролцоод ирэв. Энэ үеэр мөн Тяньжин далайн боомт дахь Нянзян уул уурхайн бирж, ложистикийн төв, Дунзян чөлөөт худалдааны бүстэй танилцан, Бинхай шинэ дүүргийн ирээдүйн төлөвлөлтийн үзэсгэлэнг үзэв. Энэхүү бизнес аялал, уулзалтын гол зорилго нь Азид төдийгүй дэлхийд томоохонд тооцогддог Тяньжин боомтоор дамжин Хятадын өмнөд мужийн хэрэглэгчид болон олон улсын зах зээлд Монголын нүүрсийг шууд борлуулах нөхцөл боломжийг газар дээр нь үзэж судлах явдал байсан юм.
Хятадын өмнөд мужуудад зарим нүүрсээ борлуулж, харин заримыг гуравдагч орны зах зээлд гаргахад хамтран ажиллах манай талын саналыг Т яньжиний холбогдох байгууллага, хүмүүс маш их дэмжин хүлээж авсан бөгөөд үүний баталгаа болгож Монгол Нүүрс ассоциаци, Тяньжиний Нүүрсний нийгэмлэг хооронд хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа. “Санамж бичиг”-т манай нүүрсийг Тяньжиний боомтод хүргэх тээвэрлэлтийн асуудлыг шийдэх, Монгол ба Хятадын компаниуд хоорондын нүүрсний худалдааны төлбөрийн хэлбэрийг боловсронгуй болгох, нүүрсний үнийг олон улсын зах зээлийн жишигт хүргэн тогтоох, нүүрсний худалдаа хийж буй хоёр талын аж ахуйн нэгжүүдэд төрөл бүрийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, хоёр улсын нүүрсний холбоод болон тэдний гишүүд хоорондын урт хугацааны хамтын ажиллагааг тал бүрээр өргөжүүлэн бэхжүүлэх зэрэг хэд хэдэн чухал асуудлуудыг харилцан тохирч тусгасан байна.
Энэхүү уулзалтаар хэлэлцэж тохирсон асуудлуудыг хэрэгжүүлэх арга механизмыг талаар ирэх гуравдугаар сард Тяньжин хотноо болох Монгол, Тяньжиний эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны ажлын хэсгийн хуралдаанаар нарий вчлан ярьж тодорхойлох юм. Ингэснээр дээрх асуудлууд зөвхөн салбарын мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдийн хүрээнд төдий бус харин хоёр улсын Засгийн газар, холбогдох төрийн байгууллагуудын хэмжээнд яригдаж хийгдэх ажил болно.
Эх орныхоо газрын баялгийг хямд үнээр хилийн худалдаа байдлаар борлуулдаг байдлыг халж олон улсын зах зээл дээр дэлхийн жишиг үнээр арилждаг болоход ойртуулсан чухал алхам хийлээ хэмээн уулзалтанд оролцогсод дүгнэж байгаа билээ. Учир нь Тяньжин боомт бол өнөөдөр зөвхөн Хятадаар зогсохгүй Зүүн Өмнөд Ази, Номхон далайн орнуудыг хамарсан бүс нутгийн нүүрсний эрэлт нийлүүлэлт, үнэ ханшийг тодорхойлж эхэлж байна. Өнгөрсөн онд тус боомтоор Өвөр Монголоос 30.0 сая тонн нүүрс борлуулагдсанаас 30% нь авто тээврээр, 70% нь төмөр замаар тээвэрлэгдэн очсон нь монголчууд бидэнд нөөц боломж байгааг харуулж буй хэрэг.
Монгол Нүүрс ассоциаци, Тяньжиний нүүрсний нийгэмлэг, Тяньжин хот дахь Улаанбаатар хотын төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулс ан уг уулзалтанд ЭБЭХЯ-ны газрын дарга А.Эрдэнэпүрэв, АМГ-ын нүүрс, судалгааны хэлтсийн дарга С.Алтанхуяг, Монгол Нүүрс ассоциацийн Гүйцэтгэх захирал Т.Наран, тус ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батмөнх, тэрчлэн Энержи ресурс, Тавантолгой, Эрдэнэс МГЛ, МАК, Шарын гол, Хүннү ресурс, Талын гал, Илчит метал, Ган илч, Сожицу зэрэг компаниуд, Хятадын талаас Тяньжин боомт, Нянзан боомтын уул уурхайн бирж, Нянзан тээвэр ложистикийн төв, зарим банкны төлөөлөл оролцон илтгэл тавьж, үг хэлцгээн санал бодлоо солилцлоо.
Нүүрс, судалгааны хэлтэс