Монгол Улс нь газрын тос, байгалийн хий, уул уурхайн үйлдвэрлэлийн салбарт ил тод байдлыг бий болгохын төлөө Дэлхийн стандарт болох Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын шаардлагыг хангасан орноор хүлээн зөвшөөрөгдлөө.    Олон улсын удирдах хороо Танзанийн нийслэл Дар эс Салаам хотноо 2010 оны 10 дугаар сарын 19 –ний өдөр хуралдаж Монгол Улсыг ОҮИТБС- ын шаардлагыг хангасан орноор зарлав. Олон улсын удирдах хорооны тэргүүн ноён Петер Ейген Монгол Улсад Санаачилгыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажилласан, ажиллаж байгаа Монгол Улсын Засгийн газар, Компаниуд, Иргэний нийгмийн байгууллагуудад баяр хүргэж дараахи зүйлийг онцлон тэмдэглэсэн байна.

“Монгол Улс анх 2005 онд Санаачилгыг хэрэгжүүлэхээр үүрэг авч, энэ хугацаанд 3 удаагийн маш дэлгэрэнгүй тайлан гаргасан орон юм. Тайлангаас тайланд ил тод байдал сайжирж, олборлох үйлдвэрлэлийн компаниудаас Засгийн газарт төлсөн төлбөр, Засгийн газрын тэднээс хүлээн авсан орлогын талаар нотолгоотой, дэлгэрэнгүй мэдээлэлтэй болсон байна. Үүний дагуу Монгол Улсын бүх оролцогч талууд Засгийн газрын орлогын томоохон хэсгийг хянах бололцоотой болж, улмаар Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хөгжлийг хурдасгахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Санаачилгын шаардлагыг хангаж чадсан явдал нь Монгол Улсын Засгийн газар, олборлох үйлдвэрлэл, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүн юм. Иймд би эдгээр оролцогч нарт чин сэтгэлийн халуун мэндчилгээ хүргье.” - гэжээ.

Санаачилгын шаардлагыг хангахын тулд улс орнууд ил тод болгох, тайлагнах талаар ихээхэн идэвхтэй ажиллаж зохих ёсоор үнэлгээгээ хийлгэсэн байх ёстой. Монгол Улстай хамт Гана Улсыг шаардлага хангасан орноор хүлээн зөвшөөрч, одоогийн байдлаар шаардлагыг хангасан Азербайжан, Либери, Зүүн Тимор улсуудын дараа 4,5-д жагсаж байна.

Холбогдох лавлагааг www.eitransparency.org – д хандаж авна уу.