Утаагүй түлшний стандарттай боллоо
Нийслэлд агаар бохирдуулж байгаа дөрвөн гол эх үүсвэр бий. Улаанбаатар дахь дулааны гурван том цахилгаан станц нийлээд жилдээ 3.3 сая тн нүүрс шатаадаг. Түүн дээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, сургууль, цэцэрлэг, айл өрхүүдэд ашиглагдаж байгаа нам даралтын халаалтын 1890 зуухнуудад жилд 1.4 сая.тн нүүрс түлдэг. Энэ бол хотын агаарыг бохирдуулж буй гол үүсвэр юм. Түүнчлэн жил ирэх тутам улам хаяагаа тэлж байгаа гэр хороололд нийслэлийн хvн амын 60 хувь нь амьдардаг гэсэн судалгаа байдаг. Гэр хороололд амьдарч байгаа 135 мянган айл өрх жилдээ 850 мян.тн нүүрс хэрэглэж, 15 мянган тн хорт бодисыг агаарт цацдаг байна. Мөн өдөр бүр нэмэгдэж буй автомашины угаарын хий агаарыг бохирдуулж байна.
Нүүрсийг ердийн гэрийн зууханд бүрэн шатаах боломжгүй байдаг. Үүнээс шалтгаалан томоохон бүхэллэгтэй нүүрсний гадаргуу халснаас дутуу шатсан дэгдэмхий бодис нь ууршин өтгөн утаа хэлбэрээр агаарт цацагддаг. Энэ утаа нь өөртөө нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын исэл, хүхрийн исэлүүдийг агуулдаг. Эдгээр химийн нэгдлүүд нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж амьсгалын замын олон төрлийн өвчний үндэс болдог. Иймд нүүрсийг урьдчилан карбонжуулж, дэгдэмхийг бууруулж гарган авсан хагас коксыг түлшинд хэрэглэснээр ялгарах хорт утааны хэмжээ үлэмж багасах юм.
“Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай” МУ-ын хуулийн 6.1.5 болон 10.1.11 дүгээр заалтыг хэрэгжүүлэх зорилгоор АМГ-ын Нүүрс, судалгааны хэлтсийн Түлшний судалгааны тасгийн мэргэжилтэнүүд “Шахмал түлш. Техникийн ерөнхий шаардлага” MNS 5679:2011. “Ахуйн хэрэглээний зуух. Техникийн ерөнхий шаардлага” MNS 5216:2011.стандартын төслүүдийн ажлын хэсэгт орж ажиллан саналаа тусгуулж, холбогдох салбарын стандартчиллын Техникийн хороо болон Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулснаар хагас коксын утаагүй шахмал түлшний /экологийн цэвэр/ стандартыг бий болголоо.