Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Геологи, уул уурхай, газрын тосны салбарын шилдэг аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.2. Энэхүү журмын зорилго нь улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа, шинжилгээний ажлыг чанар, үр бүтээлтэй гүйцэтгэх, газрын тос, геологи-хайгуулын ажилд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шинээр ашигт малтмал, газрын тосны орд нээх, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудаас нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, тэргүүний техник, технологи нэвтрүүлэх, нээлттэй, ил тод байх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх явдлыг урамшуулан дэмжихэд оршино.

 

1.3. Шилдэг аж ахуйн нэгжийн шалгаруулалтад Монгол Улсын нутаг дэвсгэрт геологийн төрөл бүрийн судалгаа, эрэл, хайгуул, уул уурхайн олборлох, баяжуулах, боловсруулалт, газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагууд хамрагдана.

1.4. Шилдэг аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах ажлыг Уул уурхайн сайдын тушаалаар баталсан ажлын хэсэг удирдан зохион байгуулж, холбогдох саналыг сайдад танилцуулан шийдвэр гаргуулна.

1.5. Тэргүүний аж ахуйн нэгжийг шалгаруулах ажлын хэсгийг Уул уурхайн яамны Стратерийн бодлого, төлөвлөлтийн газар ахлана.

Шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан байгууллагад Уул уурхайн сайдын гарын үсэгтэй батламж, дурсгалын зүйл хадгалуулна.

1.7. Болзол хангасан аж ахуйн нэгжийг “Геологийн судалгааны шилдэг байгууллага”, “Геологи-хайгуулын шилдэг компани”, “Тэргүүний хөрөнгө оруулагч”, “Шилдэг шинэ технологи нэвтрүүлэгч”, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрхэмлэгч”, “Тэргүүний нөхөн сэргээгч”, “Шилдэг төсөл боловсруулагч” “Шилдэг туслан гүйцэтгэгч”, “Шилдэг ханган нийлүүлэгч” зэрэг номинацуудаас тус бүр 1 аж ахуйн нэгж, байгууллагыг жил бүр шалгаруулна.

Хоёр. Шалгаруулах үзүүлэлт

2.1. Геологийн судалгааны шилдэг байгууллага шалгаруулах болзол

2.1.1. Геологийн салбарт үр бүтээлтэй ажил гүйцэтгэсэн;

2.1.2. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх төслийн ажлыг цаг хугацаанд нь чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн;

2.1.3. Орон нутгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан;

2.1.4. Жил бүрийн төсвийн тодотгол, хээрийн ажлаар алдаа, зөрчилгүй           ажилласан;

2.1.5. Тухайн байгууллага, аж ахуйн нэгж мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдал болон орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж ажилласан байдал;

2.1.6. Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хууль, тогтоомж, дүрэм, стандартыг мөрдлөг болгон ажилласан байдал.

2.2. Геологи-хайгуулын шилдэг компани шалгаруулах болзол

2.2.1. Геологийн салбарт үр бүтээлтэй ажил гүйцэтгэсэн, шинээр орд нээсэн;

2.2.2. Тухайн жилийн хайгуулын ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл, тайланг тогтсон хугацаанд хүлээлгэн өгч батлуулсан;

2.2.3. Хайгуулын ажлын зардлын доод хэмжээг жил бүр бодитой         баталгаажуулсан;

2.2.4. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг бүрэн           гүйцэтгэсэ;

2.2.5. Мэргэжилтэй боловсон хүчин болон орон нутгийн иргэдийг ажлын           байраар хангасан байдал /гадаадын хөрөнгө оруулалттай компани бол           монголын мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдлыг гол үзүүлэлт болгох;

2.2.6. Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хууль, тогтоомж, дүрэм, стандартыг мөрдлөг болгон ажилласан байдал;

2.3. Тэргүүний хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах болзол

2.3.1 Хөрөнгө оруулалт татаж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэсэн         байдал;

2.3.2 Уул уурхайн үйлдвэрлэлд бодитой бүтээн байгуулалт хийсэн байдал;

2.3.3 Олборлох салбарын ил тод байдлын санаачлагад нэгдэн жил бүрийн    тайлангаа гаргаж өгсөн байдал;

2.3.4 Ашиглаж байгаа ордын дэд бүтэц, уурхайн тосгон, барилга байгууламжийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байдал;

2.3.5 Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх болон ажилтаныг мэргэшүүлэх, орон    нутгийн иргэдийг ажлын байраар хангасан байдал;

2.3.6 Орон нутаг, бүс нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр.

2.4. Шилдэг шинэ технологи нэвтрүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах болзол

2.4.1 Байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай шинэлэг, дэвшилтэт техник,    технологи нутагшуулсан байдал;

2.4.2 Олборлох салбарын ил тод байдлын санаачлагад нэгдэн жил бүрийн тайлангаа гаргаж өгсөн байдал;

2.4.3 Техник, технологийн шинэчлэлийг тогтмол хийж зардлыг бууруулсан байдал, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлсэн байдал.

2.5. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрхэмлэгч аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах болзол

2.5.1 Үйлдвэрлэлийн жигд, найдвартай ажиллагаа, төлөвлөгөөт зорилтын биелэлт;

2.5.2 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг сайжруулах ажилд төлөвлөсөн ба зарцуулсан хөрөнгө, зардал;

2.5.3 Ажилтнуудын ахуйн байр, нийгмийн асуудлыг шийдсэн байдал

2.5.4 Сургалтын материаллаг бааз;

2.5.5 Үйлдвэрлэлийн ослын болон ослоос шалтгаалсан нас баралтын давтамжийн коэффицент салбарын дунджаас бага байх, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлт өмнөх жилүүдийнхээс буурсан байх

 

2.6. Тэргүүний нөхөн сэргээгч аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах болзол

2.6.1 Байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дагуу үйл ажиллагаа явуулсан эсэх;

2.6.2 Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад тухайн жилийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг гүйцэтгэсэн байдал;

2.6.3 Байгаль орчныг хамгаалах зорилгоор мөнгөн хөрөнгө байршуулах журмыг хэрэгжүүлж байгаа байдал;

2.6.4 Урьд жилүүдэд байгаль орчны талаар хийж байсан ажлын талаарх орон нутгийн байгаль орчны байцаагчийн чанарын үнэлэлт, дүгнэлт, тодорхойлолт авсан байх.

2.7 .“Шилдэг төсөл боловсруулагч” аж ахуйн нэгжийг шалгаруулах болзол

2.7.1 “Уул уурхайн төслийн техник, эдийн засгийн үндэслэлд тавигдах шаардлага ба техник, эдийн засгийн үндэслэл хүлээн авах зааврын дагуу боловсруулсан байх бөгөөд Геологийн үндсэн нөөц болон дагалдах эрдэсийн тогтоогдсон нөөцийг хаягдал, бохирдол багатай, техник технологийг сонгож оновчилсон байх, нөхөн сэргээлт, байгаль орчныг хамгаалах ажлын талаар тусгасан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг эрхэмлэсэн байдал, зэргийг төслийн шийдэлд тусгасан байдал;

2.7.2 Ордыг ашиглах төслийг боловсруулахдаа эцсийн бүтээгдэхүүн гаргах, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг тухайн үеийн технологид тулгуурлан хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлсэн байдал;

2.7.3 Орон нутгийн өөрөө удирдах байгуулага, төрийн захиргааны байгуулага, иргэдийн үүсгэл санаачлагын байгууллага болон иргэдтэй хамтран ажиллах, тэдний нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болох ажлыг тусгасан байдал;

2.7.4 Төсөл захиалагчаас гүйцэтгэгчид ирүүлсэн ямар нэгэн гомдол маргаангүй байх ба техник, эдийн засгийн үндэслэл хэлэлцүүлэн батлуулсны дараа Геологийн мэдээллийн төвийн нэгдсэн архивт журмын дагуу хүлээлгэж өгсөн байдал.

2.8.“Шилдэг туслан гүйцэтгэгч” аж ахуйн нэгжийг шалгаруулах болзол

2.8.1. Уул уурхай, геологи, газрын тосны салбарт мэргэжлийн ажил, үйлчилгээг үр бүтээлтэй гүйцэтгэсэн талаарх ажил гүйцэтгүүлэгчийн тодорхойлолт;

2.8.2. Тухайн мэргэжлийн ажил, үйлчилгээний жилийн гүйцэтгэл, үр дүн, тайланг хугацаанд нь чанарын өндөр түвшинд хүлээлгэн өгсөн байдал;

2.8.3. Байгаль орчныг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хууль, дүрэм, стандартыг мөрдөж осолгүй ажилласан байдал;

2.8.4. Мэргэжилтэй боловсон хүчин болон орон нутгийн иргэдийг ажлын           байраар хангасан байдал /гадаадын хөрөнгө оруулалттай компани бол           монголын мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдлыг гол үзүүлэлт болгох/

2.8.5 Тухайн мэргэжлийн ажил, үйлчилгээг гүйцэтгэхдээ шинэ техник, технологи, тэргүүн туршлага нэвтрүүлсэн, дээд амжилт тогтоосон, олон улсын стандарт шаардлагыг хангасан байдал

2.9. “Шилдэг ханган нийлүүлэгч” аж ахуйн нэгжийг шалгаруулах болзол

2.9.1 Тухайн захиалагч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах боломж, бололцоогоор найдвартай хангаж ажилласан байдал;

2.9.2 Хөрөнгө оруулалт бодитой байх;

2.9.3 Бараа үйлчилгээний үнэ тогтвортой байсан эсэх;

2.9.4 Шинэ дэвшилтэт техник технологи, тэргүүн туршлага, эрүүл хүнс, аюулгүй орчин бүрдүүлэн нэвтрүүлсэн байдал;

2.9.5 Шинээр бий болгосон ажлын байр.

Гурав. Бүрдүүлж ирүүлэх материал

3.1. Шалгаруулалтад оролцохыг хүссэн аж ахуйн, нэгж байгууллага албан бичгээр хүсэлтээ гарган Ашигт малтмалын газар, Газрын тосны газарт жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор ирүүлнэ.

3.2. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын Ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөл, Татварын байгууллагын тодорхойлолтыг тус тус хавсаргасан байна.

3.3. Шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж нь байгууллагын танилцуулга, илтгэх хуудас бэлтгэн ирүүлнэ.

Дөрөв. Бусад

4.1. “Геологийн судалгааны шилдэг байгууллага”, “Геологи-хайгуулын шилдэг компани”, “Тэргүүний хөрөнгө оруулагч”, “Шилдэг шинэ технологи нэвтрүүлэгч”, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрхэмлэгч”, “Тэргүүний нөхөн сэргээгч”, “Шилдэг төсөл боловсруулагч” “Шилдэг туслан гүйцэтгэгч”, “Шилдэг ханган нийлүүлэгч” зэрэг номинацаар жил бүрийн 12 дугаар сарын 3 дахь арав хоногт Уул уурхайн яамны ажлын хэсэг шалгаруулалтыг зохион байгуулж, шагналыг гардуулна.

4.2. Шилдэг аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулахад гарах хөрөнгийг Ашигт малтмалын газар, Газрын тосны газрын жил бүрийн төсөвт суулган санхүүжүүлнэ.

4.3. Шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгж, байгууллагын материалыг шалгаруулалт явуулахаас хоёр долоо хоногийн өмнө хүлээж авна.