“COAL MONGOLIA-2013” Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт, үзэсгэлэн 2013 оны 2 сарын 21,22 өдөр Улаанбаатар хотноо болно
Монголын нүүрсний салбарт томоохонд тооцогддог “COAL MONGOLIA-2013” Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт, үзэсгэлэн 2013 оны хоёрдугаар сарын 21,22-ны өдөр Улаанбаатар хотноо “SS convention center”-д зохион байгуулагдах гэж байна. Анхны Coal Mongolia-2011 чуулга уулзалтыг “Монгол-Дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч” уриан дор амжилттай зохиогдсон бол 2012 онд “Нүүрс-Монголын эдийн засгийн эрчимтэй хөгжлийн хурдасгуур” уриан дор зохиогдож байсан нь ихээхэн үр дүнг өгч байсан.
Чуулга уулзалт, үзэсгэлэнгийн зорилго нь: Монгол улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, нүүрсний салбарт төрөөс баримтлах бодлогыг танилцуулах, байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, олон улсын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж Монгол Улсын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой.
Өмнөх жилийн чуулга уулзалтаар АНУ, ОХУ, БНХАУ, Канад, Австралиь Япон, Солонгос зэрэг 20 гаруй улсын 300 гаруй байгууллагын 1000 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж монголын нүүрсний салбарын талаар хэлэлцсэн. Харин энэ удаагийн чуулга уулзалтаар Шинэчлэлийн засгийн газар нүүрсний салбарын цаашид хэрэгжүүлэх бодлогыг танилцуулахаараа онцлог болох юм.
Мөн дан ганц асуудал хэлэлцэхээс гадна уул уурхайн салбарт ханган нийлүүлэлт болон үйлчилгээ үзүүлдэг дэлхийн шилдэг компаниудын үзэсгэлэн гаргах ба монголд хэрэгжиж буй нүүрсний томоохон төслүүдийг газар дээр нь очиж танилцах боломжийг танд бүрдүүлж өгөх болно.
“COAL MONGOLIA-2013” өмнөх жилүүдээс илүү өргөн болно
Уул уурхайн олон улсын томоохон чуулга үзэсгэлэн болох “COAL MONGOLIA” жил жилийн хамгийн эхэнд болдог онцлогтой. Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын энэхүү чуулга уулзалт, үзэсгэлэнгийн ирэх жилийн тов хэдийнэ тодорхой болжээ. Энэ талаар тодруулж чуулганы ерөнхий зохион байгуулагч Уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан Mining.mn сайтын ерөнхий захирал Б.Алтаншагайтай ярилцлаа.
-“COAL MONGOLIA-2013” чуулга уулзалт, үзэсгэлэнгийн тов тодорсон гэсэн. Тэгэхээр хэзээ, хаана болох талаар мэдээлэл өгөөч?
-“COAL MONGOLIA 2013” нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын гурав дахь удаагийн олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн 2013 оны хоёрдугаар сарын 21,22-нд“SS convention center”-т болно.
-Зохион байгуулалтын бэлтгэл ажил эхэлсэн үү. Энэ удаагийн чуулга уулзалтын үеэр хийхээр төлөвлөсөн ажил хэр олон байгаа вэ?
-Зохион байгуулалтын бэлтгэл ажилдаа бид хэдийнэ ороод байгаа. Чуулга уулзалтын хүрээнд хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Тухайлбал, нүүрсний салбар дахь шинэ дэвшилтэд техник технологиор сургалт, семинар хийх, сэтгүүлчдийн дунд нүүрсний салбарын тулгамдсан асуудлыг гаргасан шилдэг нийтлэлийн уралдаан зарлаж шалгаруулна. Мөн чуулга уулзалтын маргааш буюу хоёрдугаар сарын 23-нд монголын нүүрсний хамгийн том уурхай “Ухаа худаг”, “Эрдэнэс Тавантолгой” төслүүдтэй танилцах аялал зэрэг олон арга хэмжээ зохион байгуулах юм.
-“COAL MONGOLIA-2013” өмнөх хоёр чуулга уулзалтаасаа ямар онцлогтой болох бол?
-Энэ чуулга уулзалт, үзэсгэлэн нь Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, нүүрсний салбарт төрөөс баримтлах бодлогыг танилцуулах, байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, олон улсын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, хамгийн гол нь Монгол Улсын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой. Гурав дахь удаагийн чуулга уулзалт Монгол Улсад дөрвөн жилд нэг удаа болдог парламентын сонгуулийн дараа болж байгаагаараа ихээхэн онцлогтой. Шинэчлэлийн Засгийн газар ирэх дөрвөн жилд нүүрсний салбарт болон гадаадын хөрөнгө оруулалтад ямар бодлого баримтлах талаараа голлох илтгэлүүдийг тавих юм. Мөн дэлхийн болон хятадын эдийн засгийн хямрал манай нүүрсний салбарт хэрхэн нөлөөлөх, үүнийг бид хэрхэн эрсдэл багатайгаар даван туулахаа хэлэлцэхийн хамт нүүрсний салбарт тэргүүлэгч орнуудын туршлагаас хуваалцах, нүүрсний салбарыг хөгжүүлэхэд тулгарч буй асуудлууд, хууль эрх зүйн орчин, дэд бүтэц, төмөр зам, экспортын гарц, боловсруулах үйлдвэр, үнийн өрсөлдөх чадвар, байгаль орчин, нөхөн сэргээлт, усны менежмэнт зэрэг бүхий л асуудлаар дэлхийн нэртэй болон үндэсний компаниуд, эдийн засагч, судлаач шинжээчдийг урьж илтгэл тавиулах гэж буйгаараа онцлогтой.
Байгаль орчинд ээлтэй дэвшилтэд техник, технологи “Мобайл аппликэйшн”-ийг шинээр нэвтрүүлж байгаа. Ингэснээрээ бид цааснаас аль болох татгалзах, аппликэйшнийг гар утсандаа татаж аваад хурлын хөтөлбөр, илтгэл болон илтгэгч нарын мэдээлэл, үзэсгэлэн гаргаж байгаа компаниудын мэдээлэл, холбоо барих хаяг, утас зэргийг авах, хадгалах, цахим шуудангаар өөртөө болон бусдад илгээх,сонирхсон илтгэлээ цагийн хуваарьтаа оруулах зэрэг олон үйлдлийг нэг дороос хийх боломжтой болох юм. Мөн бид чуулга уулзалт үзэсгэлэнгийн дараа бүх илтгэлүүдийг монгол, англи хэл дээр эмхэтгэн “Хурлын товхимол” буюу “Conference proceedings” гаргана.
-Танайх олон улсын хэмжээний энэхүү чуулга уулзалт, үзэсгэлэнг санаачлагч. Ер нь анх ийм арга хэмжээ зохион байгуулах санаа юунаас үүдсэн юм бэ?
-Монгол Улсын эдийн засаг тэр дундаа уул уурхайд нүүрсний салбар нь дангаараа маш том байр суурь эзэлж эхэлсэн, шийдвэрлэх асуудлууд ч их байсан юм. Эндээс л манай багийнхан санаагаа авсан.
-Өмнө хийсэн хоёр чуулга уулзалтынхаа үр дүнгийн талаар?
-Бид анх 2011 онд “COAL MONGOLIA” чуулга уулзалтаар, монгол дэлхийн нүүрсний зах зээлд томоохон тоглогч болсон гэдгийг зарласан. Харин 2012 оны чуулга уулзалтаар нүүрс монголын эдийн засгийн эрчимтэй хөгжлийн хурдасгуур гэдгийг баталж хөрөнгө оруулагчид төрийн бодлого, төлөвлөлттэй танилцаж, монгол болон бусад орны засгийн газрын төлөөлөлтэй уулзаж санал бодлоо хуваалцан цаашлаад бизнесээ өргөжүүлэх ашигтай гэрээ хэлэлцээрийг эхлүүлэх боломжийг нээж өгч байлаа.
-“COAL MONGOLIA” чуулга уулзалтаас гадна ханган нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч компаниудын үзэсгэлэнг гаргадаг. Энэ удаагийн үзэсгэлэнд хэчнээн байгууллага оролцох вэ?
-Ер нь“COAL MONGOLIA” хурал болон үзэсгэлэн хоёр нэг дор зэрэг болдгоороо бусдаас онцлогтой. Хөтөлбөрт тодорхой зохицуулалт хийснээр “COAL MONGOLIA”-д оролцож байгаа хүн бүр үзэсгэлэнг үзэхээр зохион байгуулдаг. Гол нь хамтран ажиллах гэрээ хийж, шийдвэр гаргах түвшний хүмүүс оролцож байгаа тул үзэсгэлэн гаргагч компаниудад бодит үр дүн нь шууд тусна гэдэгт итгэлтэй байна. Үзэсгэлэнд нийт 62 томоохон компани үзэсгэлэн гаргана.
-Чуулга уулзалтад ямар хүмүүс оролцох боломжтой вэ?
-Уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг бүхий л төрлийн компаниудын төлөөлөл оролцох боломжтой бөгөөд төр засгийн бодлого тодорхойлогч нар элчин сайдууд болон хөрөнгө оруулагчид, банк санхүү, эдийн засагчид, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийнхэн оролцоно. Өмнөх “COAL MONGOLIA-2012” чуулга уулзалтаар АНУ, ОХУ, БНХАУ, Канад зэрэг дөрвөн улсын элчин сайдууд хүрэлцэн ирж энэ салбарт өөрсдийн орны байр суурийг илэрхийлж, 20 гаруй улсын 300 гаруй байгууллагын 1000 гаруй төлөөлөгч оролцон, 60 компани үзэсгэлэн гаргаж байсан.
-Энэ том арга хэмжээг зохион байгуулахад ивээн тэтгэгч, дэмжих байгууллагын үүрэг асар их байж таарна. “COAL MONGOLIA-2013”-ыг ивээн тэтгэх компаниуд тодорсон уу?
-Юуны өмнө манай чуулга уулзалт үзэсгэлэнг ивээн тэтгэн, дэмжиж ирсэн бүх байгууллагад талархал илэрхийлье. Одоогийн байдлаар платинум ивээн тэтгэгчээр “Mongolian Mining Corporation”, даймонд ивээн тэтгэгчээр “Хүннү Коул”, алтан ивээн тэтгэгчээр “Эрдэнэс Тавантолгой”, “Аспайр Майнинг”, Хас банк, “Жемком”, албан ёсны банкны ивээн тэтгэгчээр Худалдаа Хөгжлийн Банк, чуулга уулзалт, үзэсгэлэнгийн үйл ажиллагааны ивээн тэтгэгчээр “Моннис Интернэшнл”, “Трансвэст Монгол”, Хаан банк, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж”,“Майнз Ап”, “CARHARTT”-ын монгол дахь албан ёсны борлуулагч “Аянчин Аутфиттерс”, албан ёсны техникийн ивээн тэтгэгчээр “Мобинет” зэрэг компани оролцохоор болсон нь зөвхөн уг чуулган бус монголын нүүрсний салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй үйлс хэмээн зохион байгуулагчдын зүгээс үнэлж байгаа.
-Чуулга уулзалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах бололцоотой вэ?
-“COAL MONGOLIA-2013”-ын тухай дэлгэрэнгүй мэдээллийг 70115590 утсаар болон www.coalmongolia.mn сайтаас авах бололцоотой. Бид энэ удаа чуулганыг оролцогч бүрийн эрэл хайгуулд нийцүүлж, салбарын бүх хүрээг хамруулж, өмнөх жилүүдээс илүү өргөн хүрээнд, өндөр дээд хэмжээнд зохион байгуулна.
-Удахгүй болох чуулганыг амжилттай зохион байгуулж, ажлын амжилт хүсэн ерөөе?
-Баярлалаа. Ирэх онд болох “COAL MONGOLIA-2013” дээр уулзацгаая.