Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд ЭБЭХЯ, АМГ-аас “Mining Mongolia 90” олон улсын нээлттэй чуулга уулзалтыг “Хөгжилд хөтөлсөн 90 жил” уриан дор  энэ тавдугаар сарын 9, 10-нд МҮЭСТО-нд зохион байгууллаа. Төрийн байгууллагууд, яамдын сайд нар, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, мэргэжлийн холбоод, судлаачид зэрэг уул уурхайн салбарын бүхий л төлөөлөл болон олон нийт хоёр өдрийн турш хуран чуулж, салбарын алдаа оноо, ололт амжилтыг хэлэлцэхээс гадна ард иргэдэд салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, төлөвлөлт, бодлогын талаар мэдээлэл нээлттэй хүргэлээ. Чуулга уулзалтад нийт 1400 гаруй хүн мандат авч оролцсон юм. Үүний 21 хувь нь гадаадын төлөөлөгчид байсан бөгөөд ОХУ, БНХАУ, Австрали, Канад, Солонгос, Япон зэрэг долоон орноос хүрэлцэн иржээ.

  

Чуулганыг угтаж олон ажил зохиов

    “Mining Mongolia 90” чуулга уулзалтыг угтаж С1, Ийгл зэрэг телевизүүдээр цуврал ярилцлага, хэлэлцүүлэг нэвтрүүлэг зохион байгуулж, ЭБЭХЯ, АМГ-ын удирдлагууд, МУУҮА, Энержи Ресурс, Монголын алт (МАК) зэрэг компанийн ерөнхийлөгч, захирлуудыг урьж салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй бэрхшээлийн талаар хэлэлцсэн юм. Мөн Өнөөдөр, Өдрийн шуудан зэрэг өдөр тутмын 5-6 томоохон сонингуудад уул уурхайн салбар үүсэн хөгжиж ирсэн түүхэн цаг үеийг тоймлон бичиж, олон түмний оюуны мэлмийд хүргэсэн билээ. Үүнээс гадна Mining.mn, News.mn, Shuud.mn зэрэг сайтуудад салбарын удирдлагуудын ярилцлага, ойн хүрээнд хийгдэж буй ажлуудыг нийтэлж олон нийтэд салбарын тухай, чуулганы ач холбогдлын талаар танин мэдүүлэхийг хичээлээ. Түүнчлэн, уул уурхай, эдийн засгийн мэргэжлийн сэтгүүлүүд болох Mongolian Mining Journal, Mining and Money, Economy Mongolia зэрэг сэтгүүлүүдэд чуулганы талаар реклам мэдээлэл байршуулан, Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз, С1, Ийгл зэрэг 10 гаруй телевизээр мэдээлэл цацсан юм. Зөвхөн Монгол гэлтгүй нэр хүнд бүхий Bloomberg телевиз, Infomining.com, Mining.com сайт, Asia Mining сэтгүүлүүдээр чуулганы мэдээлэл сурталчилгааг цацсан нь олон улсын уул уурхайн салбарынханд “Mining Mongolia 90” тухай мэдээ мэдээлэл хүргэхэд дөхөм болсон биз ээ. Чуулганыг гадаад, дотоодын 100 орчим хэвлэл мэдээллийн ажилтан сурвалжилсан бөгөөд Синьхуа, Ройтерс зэрэг агентлагийн сэтгүүлчид хүрэлцэн ирсэн. Мөн чуулганы үйл ажиллагааг Ийгл телевизээр шууд дамжууллаа.

       Түүнчлэн, чуулганыг угтаж АМГ, Гложекс грүппээс Австралийн “ROMPEV” компанийн ерөнхий менежер, үүсгэн байгуулагч, доктор Люис А.Мартинез Типийг урьж “Уул уурхайн төслийн үнэлгээ” сэдэвт сургалтыг “Ramada” зочид буудалд гурван хоногийн турш зохион байгууллаа. Сургалтад Геологи, уул уурхайн сайд асан доктор Ч.Хурц тэргүүтэй банк санхүү, уул уурхайн салбарын менежер, инженерүүдээс бүрдсэн 20 гаруй хүн хамрагдсан юм. Зохион байгуулагчид уг сургалт нь ил уурхайн төслийг барууны зах зээлийн зарчмаар цогц байдлаар үнэлж сурахад ихээхэн ач холбогдолтой хэмээн тодорхойлсон билээ. Доктор Люис А.Мартинез Типе нь 2003 онд Квинслендийн их сургуулиас шинжлэх ухааны мастер зэрэг хүртэн дараа нь Квинслендийн Техникийн Их Сургуулиас “Стратегийн ил уурхайн төслийг бодит мэдээллийн арга /real options/ болон  эконометрикс-н цогц шинжилгээнд тулгуурлан үнэлэх нь” гэсэн сэдвээр шинжлэх ухааны доктор зэрэг хүртсэн, арвин туршлагатай эрдэмтэн аж.

 

Чуулганаар 52 лидер илтгэл тавилаа

       Ашигт малтмалын газрын дэд дарга бөгөөд ГУУА-ны дарга М.Ариунбаяр “Mining Mongolia 90” чуулга уулзалтыг 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй олон арга хэмжээ, хурал зөвлөгөөнөөс хамгийн оргил хэсэг нь хэмээн тодорхойлсон. Тийм ч учраас чуулганд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй дотоод, гадаадын бүх аж ахуй нэгж, мэргэжлийн холбоод, төрийн байгууллагууд, яам, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчдыг хамруулж, тэр дундаа жирийн ард иргэдийн төлөөллийг түлхүү оролцуулахыг эрмэлзсэн.

       Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, АМГ-ын дарга Г.Алтансүх нар мэндчилгээ дэвшүүллээ. Анх Нийслэл хүрээний түлшний асуудлыг шийдэх зорилгоор Ардын Засгийн газраас 1922 онд Налайхын нүүрсний уурхайг улсын мэдэлд авах шийдвэр гаргаж байснаас хойш уул уурхайн салбарын эдийн засагт гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж, улмаар улсын тэргүүлэх чиглэл болоод байна. Өнгөрсөн оны байдлаар уул уурхайн салбар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 69.63 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 20.23 хувь, экспортын 89.20 хувийг эзэлж байна. Үүний үр нөлөөгөөр манай улсын эдийн засаг өнгөрсөн жил 17 хувиар өсч, огцом цойлсон билээ. Уул уурхайн салбар түүхэн цаг хугацаанд алдаа, оноог дэнслэн туулж өнөөгийн өндөрлөгт хүрэхэд уурхайчдын хөдөлмөр зүтгэл чухал байсан нь гарцаагүй. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээндээ “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгаа тус салбарын хөгжилд хөдөлмөр бүтээл, хөлс хүчээ харамгүй зориулж ирсэн манай ахмад уурхайчид, одоо ажиллаж хөдөлмөрлөж байгаа шинэ үеийн уурхайчид, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт Монгол Улсын төрийн тэргүүний хувьд талархаж явдгаа илэрхийлье” хэмээсэн юм.

       Мөн Д.Зоригт сайд мэндчилгээндээ уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг тодотгоод салбарыг тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, хариуцлагатай уул уурхайн зарчимд нийцүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын өмнө тавигдаж буй томоохон зорилт болохыг чухалчилсан бол АМГ-ын дарга Г.Алтансүх уул уурхайн салбарт тулгамдаж буй хууль эрх зүй, төрийн бодлого, үйл ажиллагаа эрхлэгчдийн санал бодлыг нээлттэй сонсож зохих шатны байгууллагуудад хурлаас гарах зөвлөмжийг боловсруулж арга хэмжээ авах талаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлэхийг мэндчилгээндээ тэмдэглэлээ.

         Чуулганаар олон нийтийг нээлттэйгээр оролцуулан санал бодлыг нь тусгаж зөвлөмж боловсруулахыг зорьсон тул салбарын бүхий л асуудлыг хөндөх зорилгоор нийт 52 лидер илтгэл тавьсан. Тодруулбал, үндсэн болон салбар хуралдаан тус бүр гурав гурван хэсгээс бүрдсэн. Эхний хэсгийн үндсэн хуралдаан “Уул уурхайн салбарын эрх зүйн орчин, бодлого хэрэгжилт, хөрөнгө оруулалтын орчин, санхүүгийн зах зээл” сэдвийн хүрээнд явагдлаа. Үүгээр төрийн байгууллагын удирдлагууд оролцож, салбарын өнөөгийн байдал, бодлоготой холбоотой түлхүүр илтгэлүүд тавьсан. Тухайлбал, ЭБЭХ-ний дэд сайд Д.Гарамжав “Эрдэс баялгийн салбарт төрөөс баримталж буй бодлого”, АМГ-ын дэд дарга бөгөөд ГУУА-ны дарга М.Ариунбаяр “Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт”, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ”Уул уурхайн салбар түүний эрх зүйн орчин”, МУУҮА-ийн гүйцэтгэх захирал Н.Алгаа “Эрдэс баялгийн салбарын эрх зүйн зарим асуудлын өнөөгийн байдал, цаашдын зорилт”, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Ганзориг “Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв” зэрэг илтгэлүүдийг тавьлаа.

       Хоёр дахь хэсгийн үндсэн хуралдаан “Хөрөнгө оруулалтын орчин, олон улсын хөрөнгийн зах зээл” сэдвийн хүрээнд явагдсан. Тухайлбал, “Си Пи Эс интернэшнл” компанийн захирал Б.Мөнхдөл “Монголын уул уурхайн салбар ба олон улсын хөрөнгийн зах зээл”, Монголын хөрөнгийн биржийн стратегийн хөгжил хариуцсан Д.Мөнхтүшиг “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил”, “Хас” банкны дэд захирал Тим О Нил “Уул уурхайн компаниудад үзүүлэх санхүүгийн үйлчилгээ”, Тянь Жинийн уул уурхайн биржийн ерөнхий менежер Зю Ян Ян “Тянь Жиний уул уурхайн биржээс уул уурхайн салбарт үзүүлэх санхүүгийн үйлчилгээ” зэрэг илтгэлүүдийг тавьж, хэлэлцүүлсэн юм. Мөн “Мандал женерал даатгал”, “Эрдэнэ Монгол”, “Хүннү коал” зэрэг компаниудаас төсөл, үйл ажиллагааныхаа танилцуулгуудыг хийсэн.

       Гурав дахь хэсгийн үндсэн хуралдаан “Монголын уул уурхайн салбарын бүтээгдэхүүний зах зээл, өрсөлдөх чадвар, байгаль орчин, техник технологи, дэд бүтэц, хүний нөөц” сэдвийн хүрээнд явагдав. Үүгээр Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Р.Коппа “Нүүрсний зах зээлийн хөгжил”, “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш “Тавантолгой төслийн танилцуулга”, “Рио Тинто” компанийн стратеги судалгааны менежер Мэтью Андерсон “Дэлхийн зэсийн зах зээл” зэрэг олон сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Мөн БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар “Уул уурхайн салбар дахь байгаль орчны асуудлууд”, Монголын экспортлогчдын холбооны тэргүүн Д.Галсандорж “Хайлуур жоншны зах зээл”, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн “Өмнийн говийн бүсийн уул уурхайн үйлдвэржилт, дэд бүтцийн бодлого”, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр “Уул уурхайн салбар ба хүний нөөц” зэрэг сэдвээр илтгэл тавьсан.

       Чуулганы салбар хуралдаан гурван хэсгээс бүрдэж байгааг дээр дурьдсан билээ. Эхний хэсэг нь “Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжлийг дэлхийн эдийн засагтай уялдуулах нь” гэсэн сэдэвтэй. Үүгээр Сангийн сайд Д.Хаянхярваа “Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засагт”, Татварын ерөнхий газрын УТОХГ-ын дарга Я.Аюушжав “Монгол Улсын уул уурхайн салбарын татварын тогтолцоо, өрсөлдөх чадвар”, “Амокорд” компанийн захирал Теренс Вестгейт “Олон улсын уул уурхайн эдийн засгийн тойм”, “Голомт” банкны гүйцэтгэх захирал Жон Финиган “Уул уурхайн салбарын зах зээлийн өрсөлдөөн, эдийн засаг”, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Уул уурхайн тогтвортой хөгжлийн стратегийн шинэ хандлага”, Дэлхийн банкнаас “Уул уурхайн салбарын хөгжлийг дэлхийн эдийн засагтай уялдуулах нь” сэдэвтэй сонирхолтой илтгэлүүдийг тавьсан. Салбар хуралдааны дараагийн хэсэг “Ашигт малтмалын боловсруулалт” сэдвийн хүрээнд явагдана. Үүгээр АМГ-ын УУСХ-ийн дарга Ц.Даваацэрэн “Ашигт малтмалын боловсруулалтын талаарх төрөөс баримтлах бодлого, хэрэгжилт”, Ашигт малтмал баяжуулалтын холбооноос “Монголын баяжуулалтын түвшинг олон улсын жишигт харьцуулах нь”, Монголын металлургийн холбооноос “Монгол Улсад металлурги хөгжих боломж, дэлхийн өнөөгийн түвшин” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьна. Мөн хар төмөрлөг, өнгөт төмөрлөг, металл бус эрсдийн боловсруулалт, тулгамдсан асуудлуудыг хөндлөө.

       Салбар хуралдааны дараагийн хэсэг “Нүүрсний гүн боловсруулалтын судалгаа, үйлдвэрлэлийн өнөөгийн байдал ба тогтвортой хөгжлийн стратеги” сэдвийн хүрээнд болно. АМГ-ын Нүүрс судалгааны хэлтсийн ШТЛ-ийн ахлах шинжээч, доктор Ж.Нарангэрэл “Нүүрсний шингэрүүлэлтийн салбар-дэлхийн чиг хандлага”, АМГ-ын Нүүрс судалгааны хэлтсийн ГБТТ-ийн дарга Ж.Батбилэг “Нүүрсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, хэрэгжиж байгаа төслүүд тулгамдаж буй асуудлууд”, мөн Монголын алт (МАК), “Энержи ресурс”, “Багануур” зэрэг компаниуд нүүрсийг боловсруулах асуудлуудаар илтгэл тавьсан юм.

Түүнчлэн, АМГ, Business council of Mongolia. Уул уурхайн хүрээлэн, Геологийн төв лаборатори, KPM, Prophecy Coal Corporation, Усны эрчим, Mongolian National Mining Association, Гложекс грүпп, MINING.MN, Wagner Asia Equipment, Blast, CPS International зэрэг салбартаа нэр хүнд бүхий 51 компани үзэсгэлэн гаргаж бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа.

 

Төр судалгааны нүсэр байгууллагатай байх хэрэгтэй

            Чуулганаар хэлэлцсэн асуудал маш өргөн хүрээг хамарсан, олон нийтийн хэлсэн санал бодол өргөн далайцтай байсан тул цөөн хуудсанд багтааж тэр болгоныг тоочих боломжгүй юм. Иймд чуулганаар хэлэлцсэн асуудлыг тоймлон цөөн өгүүлбэрт багтаан бичихийн өмнө орхигдсон, агуулгын хувьд бүрэн илэрхийлж чадаагүй олон асуудал үлдэж байгааг юуны өмнө анхааруулъя. МҮОНРТ, Ийгл, С1 телевизээр ирэх долоо хоногуудад чуулганы тухай тойм нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэх бөгөөд уншигч Та хүлээн авч үзсэнээр илүү тодорхой мэдээллүүд авах боломжтой юм. Ер нь салбарын яам чуулганаас гарсан зөвлөмжийг нэгтгэн боловсруулж, шат шатны байгууллагуудад хүргүүлж, шийдвэр гаргуулах түвшинд анхаарал хандуулах болно.

       Чуулганаар салбарын хууль эрхзүйн орчин, эрдэс баялгийн зохистой ашиглалт, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудал хамгийн чухлаар хөндөгдлөө. Хууль эрхзүйн орчны хувьд 1990 оноос хойш зах зээлийн нийгэмд шилжиж, үүнтэй холбоотойгоор улс орон, уул уурхайн салбар тодорхой хугацаанд хүнд үеийг туулах болсонтой холбоотойгоор уг салбар руу гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлого баримталж, хууль эрхзүй, бусад хэлбэрээр таатай нөхцөл бүрдүүлэхийг эрмэлзэж ирсэн. Ялангуяа,үүний нөлөөгөөр 2000 оноос хойш уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт хурдацтай нэмэгдсэн билээ. Мэдээж үүнтэй холбоотойгоор улс орны эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Тэгвэл өнөөдөр нөхцөл байдал арай өөр түвшин рүү хөрвөж байна. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулалт хэт өссөнөөр эргээд улс орны үндэсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх вэ, үндэсний компани, монгол хүний оролцоог уул уурхайн салбарт хэрхэн нэмэгдүүлэх вэ гэсэн асуултууд урган гарч байна. Үүнтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалтын зохистой түвшинг хэрхэн тогтоох, үндэсний хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмжих зэрэг олон асуултад хариулт хэрэгтэй боллоо. Нөгөө талд гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлахад ихээхэн болгоомжтой хандах учиртай бөгөөд хэт нэг талыг барьсан аливаа шийдвэр манай улсын уул уурхайн салбарын өндөр өсөлтийг сулруулах, олон улсад тогтворгүй, найдвартай бус гэсэн цол хүртэх вий гэсэн болгоомжлол дагуулж буй. Тиймээс энэ хоёрын алтан дунджийг олох асуудал чуулганы чухал сэдвийн нэг байв.

          Дараагийн чухал сэдэв нь эрдэс баялгийн зохистой ашиглалт юм. Лицензийг хавтгайруулан олгож, эрдэс баялгаа түүхийгээр нь экспортолж байгааг шүүмжилдэг. Үүний гол агуулга нь хүн амынхаа тоо, бүсийн хөгжил, улс орныхоо хэрэгцээ шаардлагад тулгуурлан эрдэс баялгаа тодорхой үе шаттайгаар, зохистой хувь хэмжээгээр ашиглах, ингэхдээ аль болох нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийг гол болгоход оршиж буй. Тухайлбал, зөвхөн говийн бүсэд уул уурхайн үйлдвэрлэлийг төвлөрүүлэх бус баруун, төв, зүүн бүсүүдэд боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах замаар тухайн орон нутгийн хөгжлийг дэмжиж, нийслэл рүү хөврөх их нүүдлийг бууруулах боломжтой аж.  Тиймээс ойрын хугацаанд бид ямар эрдэс баялгийг хэчнээн тонноор экспортлох, уул уурхайн салбараас үүссэн хуримтлалыг хэрхэн зохистой зарцуулах, баяжуулах боловсруулах шат руу ямар дараалалтайгаар хэдий хугацаанд шилжих зэрэг бүх асуудлыг нарийн төлөвлөж, үе шаттай хэрэгжүүлэх учиртай хэмээсэн. Мэдээж үүнийг төлөвлөхдөө улс орны эдийн засгийн өсөлт, хүн амын амьжиргааг бүс нутаг бүрээр нь тооцон төлөвлөж, гаргаж ирэх хэрэгтэй аж. Үүний тулд судлагааны нүсэр бүтэц байгуулах ёстойг ч онцолсон.

          Хамгийн чухлаар хөндөгдсөн асуудлын нэг нь яах аргагүй боловсруулах асуудал юм. Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр дэлхийн санхүүгийн хямралаас сэргийлж, улс орон тогтвортой хөгжих, эрдэс баялгаа зохистой ашиглах, уул уурхайн салбарт ажиллагсадад мэдлэг шингээх, нэг зах зээлээс хараат бус болох, байгаль орчноо хамгаалах зэрэг маш олон ач холбогдолтой. Тиймээс Засгийн газраас баталсан томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээсэн. Тухайлбал, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын хүрээнд томоохон бүтээн байгуулалтуудыг өрнүүлэх, эхний ээлжинд зэс хайлах, нефть боловсруулах үйлдвэрүүдээ байгуулах шаардлагатайг онцолсон. Энэ чиглэлээр Монголын алт (МАК) томоохон төсөл хэрэгжүүлэхээр зэхэж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор дэд бүтэц, тэр дундаа төмөр замын асуудлыг яаралтай шийдэхийг оролцогчид анхааруулж байлаа. Дээрх бүх асуудал төрийн бодлогоор зангидагдах учиртай. Үүний тулд төр дэргэдээ маш том, нүсэр бүтэцтэй судалгааны байгууллага ажиллуулах ёстойг эцэст нь сануулсан.

 

Спонсор компаниудад талархал илэрхийллээ

        ЭБЭХЯ-ний сайд, АМГ-ын удирдлагууд чуулган амжилттай болсон хэмээн тавдугаар сарын 10-ны орой Улаанбаатар зочид буудалд болсон спонсор компаниудын хүндэтгэлийн хүлээн авалт дээр дүгнэсэн юм. Мөн чуулганыг ажмилттай зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн АМГ-ын хамт олон, ЭБЭХЯ-ны Уул уурхайн хүнд үйлдвэрийн бодлогын газрын хамт олон, Гложекс грүпп (Уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан MINING.MN)-ийн нийт хамт олонд талархаж буйгаа илэрхийлсэн. Үүнээс гадна чуулганыг ивээн тэтгэж оролцсон бүх компаниудад талархаж, дурсгалын цом гардуулсан. Шагналыг ЭБЭХ-ний дэд сайд Ц.Гарамжав гардуулж чуулга уулзалтыг зохион байгуулах хорооноос чуулганыг ивээн тэтгэж буй бүх спонсор компанид талархал илэрхийлж, Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэнд хүргэсэн.

     Чуулга уулзалтыг салбартаа нэр хүнд бүхий 20 компани спонсорлон ажилласан юм. Diamond спонсороор SouthGobi Sands, GEMCOM компани ажилласан бол Platinum спонсороор Xanadu, ASPIRE Mongolia, MONGOLIAN RESOURCE CORPORATION, HUNNU COAL, SONOR, Energy Resources, ШАН ЛУН, Adamas Mining зэрэг компаниуд ажиллалаа. Gold спонсороор Bayan Airag Exploration, Dong Yuan, Эрдэнэ Монгол зэрэг компани ажиллав. Silver спонсороор AREVA (GogeGobi), Oyu Tolgoi, Tsairt Mineral, Voyager Gold, Kharanga Iron, Centerra Gold Mongolia, ZIJIN грүппийн ТЭН-ХУН зэрэг компани ажилласан юм.