Монгол улсын дээд шүүхийн зөвлөмж
Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс сүүлийн 3 жилд Ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэж хянан шийдвэрлэсэн хэргүүдийн талаар шүүхийн практикийг судалж үзлээ.
Аймаг, нийслэлийн Захиргааны хэргийн шүүхүүдийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 6.9 хувь нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастарын бүртгэлийн төвөөс ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгох түүнийг цуцлах дуусгавар, болох үйл ажиллагаатай холбогдсон харилцаанаас үүссэн маргаан бөгөөд эдгээр хэргийн 65.9 хувь нь давж заалдах 27.8 хувь нь хяналтын шатны шүүхээр хянагджээ.
Анхан шатны шүүхээр 2005 онд хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 7.3 хувь, 2006 онд 7.5 хувь, 2007 онд 8.4 хувь нь дээрх маргаантай холбоотой байгаагаас үзэхэд энэ төрлийн маргаан өсөх хандлагатай байна.
Цаашид энэ төрлийн маргааныг хянан шийдвэрлэхэд шүүхийн практикт гарч байгаа алдаа, зөрчлийг арилгах, хуулийн зохицуулалтыг нэг мөр зөв ойлгох, хэрэглэх явдлыг хангах зорилгоор Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.4 дэх заалтыг үндэслэн Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас нийт шүүхүүдэд ЗӨВЛӨХ нь:
Нэг. Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1, 2 дугаар зүйлд зааснаар лиценз эзэмшигч иргэд нь компани, нөхөрлөл байгуулж 2007 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд, аж ахуйн нэгж 2007 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвд тусгай зөвшөөрлөө шинэчлэн бүртгүүлсэн байх ёстой бөгөөд энэ хугацаанд бүртгүүлээгүй аж ахуйн нэгж болон иргэд тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй этгээдэд лицензээ шилжүүлээгүй бол цуцлагдсанд тооцогдох болно.
Мөн хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар цуцлагдсан тооцогдсон талбайд, эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр гарснаас үл хамааран Ашигт малтмалын тухай /цаашид хуулийн эрх/ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т зааснаар эрх олгогдсон байгууллагаас баталсан журмыг баримтлан сонгон шалгаруулалт явуулна.
Харин лиценз эзэмшигч дээрх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзвэл төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргаж болно.
Хоёр. Хуулийн 12 дугаар зүйлд заасан үүргийнхээ дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн гаргасан шийдвэрийг аж ахуйн нэгж, захиргааны байгууллага, албан тушаалтан биелүүлэхгүй байх тохиолдлууд гарч байна.Иймд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэсэн үндэслэлээр Засаг дарга нар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх нь зүйтэй.
Гурав. Талбайн давхцлыг хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 17.2.3-т “ямар нэг байдлаар давхацаагүй”, 19 дүгээр зүйлийн 19.2.2-т “давхцаагүй”, 19.2.3-т “бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцсан”, 23 дугаар зүйлийн 23.4.3-т “талбайн аль нэг хэсэгт давхцсан” гэж өөр өөрөөр томъёолон заажээ. Ийнхүү талбайн давхцлын талаар ялгамжтай заасан нь тус бүрдээ өөр өөр үр дагавар бий болгох тул тухайн зүйл, хэсгийн утга агуулгатай нь сайтар харьцуулан үзэж, дүгнэлт хийх хэрэгтэй.
Дөрөв. Хуулийн олон зүйл, хэсэгт Кадастрын бүртгэлийн төвөөс холбогдох этгээдэд мэдээлэл өгөх аргыг заажээ. Тухайлбал:
Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1, 19.2.3, 19.2.4, 19.3, 19.7, 20 дугаар зүйлийн 20.2. 22 дугаар зүйлийн 22.4, 26 дугаар зүйлийн 26 дугаар зүйлийн 26.3.1, 26.3.4, 26.4, 45 дугаар зүйлийн 45.1, 62 дугаар зүйлийн 62.2-д заасан “бичгээр мэдэгдэх”гэдгийг Кадастрын бүртгэлийн төвийн эрх бүхий этгээдэд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан албан бичгийг хүлээн авагч талд гардуулсан эсхүл хүргүүлснийг:
Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.2, 30 дугаар зүйлийн 30.2, 39 дүгээр зүйлийн 39.5, 51 дүгээр зүйлийн 51.7, 51.8, 56 дугаар зүйлийн 56.2, 56.4, 62 дугаар зүйлийн 62.6-д заасан “мэдэгдэнэ” гэдгийг Кадастрын бүртгэлийн төвийн даргын шийдвэр эсхүл баталгаат шуудангаар хүргүүлэх, утас, факс, е-майл, цахилгаан зэргээр мэдээлж, түүнийгээ баталгаажуулсан байхыг:
Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10, 22 дугаар зүйлийн 22.3, 26 дугаар зүйлийн 26.7, 28 дугаар зүйлийн 28.3, 49 дүгээр зүйлийн 49.11, 50 дугаар зүйлийн 50.6, 51 дүгээр зүйлийн 51.1, 51.8, 54 дүгээр зүйлийн 54.5, 55 дугаар зүйлийн 55.6, 56 дугаар зүйлийн 56.2, 56.7-д заасан “сонинд нийтлэнэ” гэдгийг Кадастрын бүртгэлийн төв өөрийн гаргасан шийдвэрийн талаар нийтэд мэдээлэхээр хуульчилсан болон зайлшгүй нийтэд сонордуулах шаардлагатай гэж үзсэн мэдээллийг өдөр тутмын сонинд хэвлүүлэхийг,
Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.1-д заасан “тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгнө” гэдгийг Хуульд заасан мэдээллийг ойлгомжтой бичиж, сонирхогч итгээдэд гардуулан өгснийг тус тус ойлговол зохино.
Тав. Хуулийн 22 дугаар зүйлийн 22.1,28 дугаар зүйлийн 28.1-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ хүндэтгэн үзэх шалгааны улмаас төрийн захиргааны төв байгууллагад гаргаагүй талаарх маргаан их гарч байна. Энэ талаар хуулиар тусгайлан зохицуулаагүй тул шүүх уг маргааныг хянан шийдвэрлэхдээ тухайн тохиолдол нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн эсэх, хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон барьцаалагчид тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч байгаа талаар Кадастрын бүртгэлийн төв урьдчилан мэдэгдсэн эсэх зэргийг заавал шалгаж тогтоох шаардлагатай.
Зургаа. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмших сонирхол бүхий этгээд албан бус мэдээлэл олж аваад тусгай зөвшөөрөл дуусгавар болсон, цуцлагдсан, нөөцөд авсан талбай чөлөөлөгдсөн тухай албан ёсны шийдвэр гараагүй байхад тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Кадастрын бүртгэлийн төвд өгдөг байна.
Кадастрын бүртгэлийн төвөөс мэдээллийн сан, зураг зүйн бүртгэлд авч, компьютерт оруулан, тухайн талбай чөлөөлөгдсөн талаар албан ёсоор нийтэд зарласан үеэс тусгай зөвшөөрөл эзэмшихийг хүсч, төрийн захиргааны төв байгууллагад өргөдөл гаргах эрхтэй болохыг анхаарвал зохино.
Долоо. Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугаацаанд нь бүрэн төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах нэг үндэслэл болдог. Тусгай зөвшөөрлийг дээрх үндэслэлээр цуцалсан талаарх маргаантай хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ төрийн захиргааны төв байгууллага хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4, 56.5-д заасан журмыг хангаж ажилласан эсэхийг тухайлбал тусгай зөвшөөрөл эзэмшигчийн лицензээ хүчинтэй байлгах хуулиар олгогдсон эрхийг хангасан эсэхийг сайтар шалгаж, нягтлан үзэх нь зүйтэй.
Найм. Хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 26 дугаар зүйлийн 26.9-д зааснаар сонгон шалгаруулалт явуулахгүйгээр тусгай зөвшөөрөл олгож байгаа талаарх маргаан нэлээд гарч байна.Энэ төрлийн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх тухайн нэхэмжлэл гаргасан этгээдийн өөрийнх нь эрх зөрчигдсөн эсэх, нэхэмжлэл гаргах эрх үүссэн зэргийг анхаарах шаардлагатай.
Ес. Хуулийн 64 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдлийн талаар холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүхэд гомдол гаргаж болохоор тусгайлан заажээ.
Гэтэл шүүхүүд энэ талаарх нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж байгаа нь буруу тул ийм төрлийн алдаа зөрчлийг давтан гаргахгүй байвал зохино.