“Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлнэ
Монголбанк 2016 онд 18.3 тонн алт худалдан авсан бөгөөд 2017-2020 онд 20-25 тонн алт худалдан авахаар зорилт тавин ажиллаж байна.
“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.1.3 дахь хэсгийн гуравдугаар зорилтын I үе шат, Алт-2 хөтөлбөрийн 3.3.8-д тус тус тусгагдсан “Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх талаар судалгаа хийж санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Монголбанк, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс Монгол” ХХК, Үнэт металлын сорьцын хяналтын газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, 2017 онд хийх ажлын төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.
Манай улс ОХУ, Их Британи, Япон зэрэг улсад алтаа цэвэршүүлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Швейцарь улсад цэвэршүүлж байна. Гадаадад цэвэршүүлж байгаа алтны тээвэр, даатгал, хамгаалалтын зардал өндөр гардаг. Мөн МонголУлсын олборлон баяжуулж байгаа алт нь дунджаар 85.0 хувийн агуулгатай бөгөөд түүнийг олон улсын зах зээлд борлуулахын тулд 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай байдаг.
Иймд Монгол Улс алт цэвэршүүлэх үйлдвэртэй болсноор дээрх хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхээс гадна эдийн засгийн өндөр ач холбогдолтой билээ.
Эх сурвалж: Монголбанк