Mongolia Mining 2017 олон улсын уул уурхайн үзэсгэлэн нээгдлээ
Mongolia Mining олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн долоо дахь удаагийн арга хэмжээ Буянт Ухаа спортын ордонд нээгдлээ.
Дөрөвдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд гурван өдрийн турш үргэлжлэх Mongolia Mining олон улсын үзэсгэлэн нь уул уурхайн салбарын техник технологийн хамгийн чухал арга хэмжээ бөгөөд энэ жилийн үзэсгэлэнг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Оюу толгой ХХК дэмжин ажиллаж байгаа бөгөөд уламжлал ёсоор Майнэкс Монгол ХХК, Эрдэнэс Монгол ХХК хамтран зохион байгуулж байна.
Үзэсгэлэнгийн нээлтэнд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Эрдэнэс Монгол” ХХК-нийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, Мongolia Mining 2017 үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга нар оролцон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж мэндчилгээ ирүүлэв.
Сайд мэндчилгээндээ Монголчууд маань “саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж ярьдаг. Бидэнд угтан бэлдэж, улам сайжруулах олон зүйл байна. Уул уурхайн эрхзүйн орчноо ойлгомжтой, тогтвортой болгох, Хөрөнгө оруулагчдад таатай, найдвартай орчныг бүрдүүлэх, Байгаль орчинд халгүй техник, технологийн нэвтрүүлэх, салбарын бодлогыг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах зэрэг олон зорилго өмнө маань байна.
Салбарын бодлого, үйл ажиллагаатай бүрнээ нийцэж, Монголын уул уурхайн салбарт дэлхийн дэвшилтэт техник, технологи танилцуулах, нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ханган нийлүүлэлт, үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгжийг нэгтгэхэд тодорхой хувь нэмэр оруулж байгаа “Mongolia Mining 2017” олон улсын үзэсгэлэнгийн ажиллагаанд амжилт хүсье гэжээ.
Mongolia mining 2017 үзэсгэлэнд 16 орны 130 орчим компани оролцож байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаас гадна Австрали, АНУ, Герман, ОХУ, Япон, БНХАУ, Беларус, Канад, Чех, БНСУ, Энэтхэг, Нидерланд, Казкастан, Турк, Швед зэрэг орнуудаас уул уурхайн ханган нийлүүлэгчид нэг дээвэр дор цуглан бүтээгдэхүүнээ сурталчилж байна.