Жоншны олборлох, баяжуулах, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй хийсэн уулзалт зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмж
Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас 2013 оны 4 дүгээр сарын 25-нд жонш олборлох, баяжуулах, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй “ Жонш олборлох, баяжуулах, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй хийх уулзалт”-аас гаргасан зөвлөмжийг танилцуулж байна.
2013 оны 04 дүгээр сарын 25 Улаанбаатар хот
Зохион байгуулагдсан газар: Засгийн газрын XI байр Хурлын танхим
Уг уулзалтад Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Монголын жонш олборлогч, судлаачдын холбоо ТББ, Монголын экспортлогчдын холбоо ТББ, Монголросцветмет ХХК, Монголчехметалл ХХК, Кевин инвест ХХК-ууд илтгэл тавьж, мэдээлэл хийснээс гадна Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төр, засгийн байгууллагуудын төлөөлөл оролцон хэлэлцүүлэг хийж, санаа бодлоо солилцсоны үндсэн дээр дараах ЗӨВЛӨМЖ-ийг гаргаж байна. Үүнд:
- Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогод хайлуур жоншны үлдэгдэл нөөцийг бодитойгоор тогтоох арга аргачлалыг боловсронгуй болгож тооцох, үйлдвэрлэлийн нөөцийг өсгөх, жоншны баяжмал болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгаль орчныг нөхөн сэргээх зэрэг асуудлуудыг иж бүрнээр нь багтаасан бие даасан стратеги бодлогыг боловсруулж тусгах;
- Нөөцийг зүй зохистой ашиглахын тулд ордуудын уул техникийн нөхцөл, хүдрийн онцлого, шинж чанараас хамааруулан ашиглалтын систем, технологийг эдийн засгийн үр ашигтай нь уялдуулан сонгох, дэд бүтэцтэй холбоотойгоор хэтийн төлөвийг тодорхойлох;
- Хайлуур жоншны ордуудыг батлагдсан техник эдийн засгийн үндэслэлгүйгээр сорчлон олборлохыг хуулиар хориглох;
- Бүтээгдэхүүний чанарыг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн сайжруулах (цахиурын ислийн хэмжээг бууруулах), баяжмалыг боловсруулж дараагийн шатны эцсийн бүтээгдэхүүн болох криолит, фторт нэгдлүүд зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх;
- Нөөцийн төлбөрийг гэрээний үнээр төлөх;
- Монголд эрдэс баялгийн биржийг (мэдээллийн нэгдсэн систем) байгуулах замаар экспортын үнийн нэгдсэн бодлого явуулах боломж нөхцөлийг бүрдүүлэх;
- Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Дархан хотын техникийн их сургуулийн Бор-Өндөр дахь салбар сургуулийг тус тус түшиглэн хайлуур жоншны салбарын мэргэжлийн инженер техникийн ажилтнууд, ажилчид, боловсон хүчнийг нэгдсэн бодлогоор бэлтгэх;
Улс орны эдийн засгийн чухал салбар болох эрдэс баялгийн салбарыг хэт улс төржүүлж, хөгжил дэвшилд чөдөр тушаа болж байгааг анхаарч, мэргэжлийн байгууллагуудыг холбогдох дүрэм, журмын дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжоор хангаж, төрийн цэгцтэй бодлого, аймаг, орон нутгийн төр захиргааны байгууллагуудын дэмжлэгтэйгээр өндөр үр ашигтай ажиллуулах шаардлагатай гэж санал нэгдэв.
Хуралд оролцогсдын саналаар дээр дурдсан асуудлуудыг нарийвчлан судалж, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг салбарын эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүд, жонш олборлогч, экспортлогчдын төлөөллийг оролцуулан байгуулав.
Энэхүү Зөвлөмжийг Уул уурхайн яам болон холбогдох газруудад хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
УУЛЗАЛТ-ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОГСОД