Зарим ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнэ, ерөнхий чиг хандлага
Дэлхийн зах зээл дээрх голлох ашигт малтмалуудын 2014 оны 11 болон 12 дүгээр саруудын дундаж ханшийг авч үзвэл алт 2.4%-иар, мөнгө 1.63%-иар өссөн бол зэс 4.16%-иар, цайр 4.05%-иар, хар тугалга 4.32%-иар, цагаан тугалга 0.71%-иар, молибдени 2.93%-иар, гянтболд 7.25%-иар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Ашигт малтмалын нэрс |
Нэгж |
11-р сарын дундаж үнэ |
12-р сарын дундаж үнэ |
Өөрчлөлт |
Алт |
$/унци |
1174.11 |
1202.29 |
+2.4% |
Мөнгө |
$/унци |
15.98 |
16.24 |
+1.63% |
Зэс |
$/тн |
6700.67 |
6422.23 |
-4.16% |
Цайр |
$/тн |
2254.79 |
2163.41 |
-4.05% |
Хар тугалга |
$/тн |
2023.08 |
1935.65 |
-4.32% |
Цагаан тугалга |
$/тн |
19962.0 |
19820.24 |
-0.71% |
Молибдени |
$/тн |
20618.88 |
20014.76 |
-2.93% |
Гянтболд 99.9% |
$/тн |
44300 |
41086.96 |
-7.25% |
АЛТ: Алтны дундаж үнэ 12-р сарын байдлаар 1202.29 ам.доллар/унци болсон нь өмнөх
11-р сараас 2.4%-иар өссөн үзүүлэлт болсон байна. 12-р сарын эхнээс алтны үнэ бага зэрэг өсч 12-р сарын 10-ны өдөр унци алт 1229 ам.доллараар үнэлэгдэх болсон нь тухайн сарын хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Алтны үнэ сарын дунд үеэс эхлэн бага зэрэг буурсаар 12-р сарын 23-ны өдөр унци алт 1175.75 ам.доллараар үнэлэгдэх болсон нь сарын хамгийн бага үзүүлэлт болоод байна. Өнгөрөгч 2014 онд алтны дундаж үнэ 1271.19 ам.доллар/унци болсон нь 2013 онтой харьцуулбал 9.91%-иар буурсан үзүүлэлт болсон байна. АНУ-ын эдийн засгийн өсөлт 5%-тай гарсан нь сүүлийн 10 гаруй жилд байгаагүй өсөлтийг харуулснаар алтны үнийн өсөлтөд нөлөөлсөн байна.
Ойрын хугацаанд Дэлхийн болон БНХАУ-ын эдийн засгийн байдал удаашралтай байгаагаас шалтгаалан алт, мөнгө гэх мэт үнэт металлын үнэ үргэлжлэн буурах хандлагатай байна гэж шинжээчид үзэж байна. “Australia & New Zeland Banking Group” хийсэн мэдэгдэлдээ “ам.долларын ханш чангарсан нь алтны үнэд сөргөөр нөлөөлсөн бөгөөд уг таваарын үнэ ойрын хугацаанд өснө гэдэгт итгэлгүй байна” хэмээн дурьдсан байна. Чикаго дахь “Long Leaf Trading Group”-ын ахлах стратегич Тим Эванс “одоо алт худалдан авах цаг биш” хэмээн ярьсан бол “Goldman Sachs” хэдэн сарын дараа унци алт 1050 ам.доллараар үнэлэгдэж магадгүйг онцолж байна.
(Эх сурвалж: www.kitco.com)
МӨНГӨ: Энэ оны 12-р сарын дундаж үнийг өнгөрөгч 11-р сарын дундаж үнэтэй харьцуулахад мөнгөний үнэ 1.63%-иар өссөн байна. Алтны адил 12-р сарын эхнээс мөнгөний үнэ бага зэрэг өссөөр 12-р сарын 10-ны өдөр унци мөнгө 17.06 ам.доллараар үнэлэгдэж байсан нь сарын хамгийн өндөр үзүүлэлт болоод байлаа. Гэвч 12-р сарын 2 дахь 7 хоногоос эхлэн мөнгөний үнэ бага багаар буурсаар 12-р сарын 23-ны өдөр унци мөнгө 15.71 ам.долларт хүрсэн нь тухайн сарын хамгийн бага үзүүлэлт болсон байна. Өнгөрөгч 2014 онд мөнгөний дундаж үнэ 19.08 ам.доллар/унци болсон нь 2013 оны дундаж үнэ болох 23.79 ам.доллар/унцитай харьцуулбал 19.94%-иар буурсан үзүүлэлт юм.
(Эх сурвалж: www.kitco.com)
ЗЭС: БНХАУ-ын зах зээл дээрх зэсийн дундаж үнэ 2014 оны 12-р сарын байдлаар 6422.23 ам.доллар/тн-д хүрсэн байна. Энэ нь өнгөрөгч 11-р сарын дундаж үнэтэй харьцуулбал 4.16%-иар буурсан үзүүлэлт юм. Сарын эхээр зэсийн үнэ тогтвортой байсан бөгөөд 12-р сарын 15-ний өдөр 1 тонн зэс 6560 ам.доллараар үнэлэгдэж байсан нь тухайн сарын хамгийн өндөр үзүүлэлт болоод байлаа. Гэвч ердөө 2 хоногийн дараа буюу 12-р сарын 17-ний өдөр зэсийн үнэ 6306 ам.доллар/тн болтлоо буурч, тухайн сарын хамгийн бага үзүүлэлтийг үзүүлсэн юм.
Зэсийн зах зээлийн гол хэрэглэгч болох БНХАУ, АНУ-ын үйлдвэрлэлийн салбарын үзүүлэлт тааруу гарч байгаагийн улмаас зэсийн ханш сүүлийн 4 жилийн доод түвшинд хүрч буурлаа. Боловсруулсан зэсийг барилга, электроник, үл хөдлөх хөрөнгийн салбар гээд эдийн засгийн ач холбогдолтой бүх салбарын үйлдвэрлэлд ашиглаж байгаа бөгөөд дэлхийн нийт зэсийн хэрэглээний 40% нь БНХАУ-д ногдож байна. БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын индекс сүүлийн 3 сар дарааллан буурч, 50.1 нэгжид хүрээд байгаа бөгөөд өөрөөр хэлбэл дэлхийн 2 дахь том эдийн засгийн үйлдвэрлэлийн салбарын гол үзүүлэлт 2014 төгсгөлөөр жилийн доод утгаа аваад байгаа юм. Мөн ам.долларын ханш чангарч байгаа нь металлын ханшид бүхэлд нь нөлөөлсөн болохыг шинжээчид онцолж байна. БНХАУ-ын Чиндао боомт дахь зэсийг банкны баталгаа болгон ашиглахыг хориглосноор БНХАУ-ын зэсийн эрэлт харьцангуй буурсан талаар “Bloomberg TV Mongolia” мэдээлсэн байна. 2015 оны төсвийн тодотголын төсөлд 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортлохоор тусгасан байсныг бууруулж, 1.25 сая тонн болгоод байна.
ЦАЙР: 2014 оны 11-р сарын байдлаар цайрын дундаж үнэ 2254.79 ам.доллар/тн байсан бол 12-р сарын байдлаар цайрын дундаж үнэ 2163.41 ам.доллар/тн болж 4.05%-иар буурсан үзүүлэлттэй байна. Лондонгийн металын бирж дээр 1 тонн цайрын үнэ 12-р сарын 05-ний өдөр 2230.5 ам.долларт хүрсэн нь тухайн сарын хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Сарын 2 дахь 7 хоногоос эхлэн цайрын үнэ буурч эхэлсэн бөгөөд 12-р сарын 17-ний өдөр гэхэд 1 тонн цайрын үнэ 2114 ам.долларт хүрсэн байна. Энэ нь тухайн сарын хамгийн бага үзүүлэлт болоод байна. Өнгөрөгч 2014 онд цайрын дундаж үнэ 2159.25 ам.доллар/тн болсон нь 2013 оны дундаж үнэ болох 1910.34 ам.доллар/тн-той харьцуулбал 13.14%-иар өссөн үзүүлэлт юм.
(Эх сурвалж: www.lme.com)
ХАР ТУГАЛГА: Лондонгийн металын бирж дээр хар тугалгын дундаж үнэ 11-р сард 2023.08 ам.доллар/тн байсан бол 12-р сард 1935.65 ам.доллар/тн болсон нь хар тугалгын үнэ өмнөх сараас 4.32%-иар буурсан үзүүлэлт болоод байна. Сарын эхээр буюу 12-р сарын 05-ний өдөр 1 тонн хар тугалгын үнэ 2026.5 ам.доллар байсан нь тухайн сарын хамгийн өндөр үзүүлэлт байсан байна. Сарын дундаас сарын сүүл хүртэл хар тугалгын үнэ буурсаар байсан бөгөөд сарын сүүлч буюу 12-р сарын 29-ны өдөр 1 тонн хар тугалга 1822 ам.доллараар үнэлэгдэж байсан нь тухайн сарын хамгийн бага үзүүлэлт болсон байна.
АНУ-ын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үзүүлэлт сайн байснаас 2014 оны 8-р сард хар тугалганы үнэ харьцангуй өндөр буюу 2237.62 ам.доллар/тн байсан. Гэсэн ч 8-р сарын сүүлээс эхлэн голлох металлын хэрэглээ суларч эхэлснээр 9-р сарын эхнээс хар тугалганы үнэ 2200 ам.доллар/тн-оос доогуур орсон. 2014 оны 1-8 сарын хооронд цэвэршүүлсэн хар тугалганы нийт бүтээгдэхүүн 7125 сая.тоннд хүрсэн ба хэрэглээ нь 7310 сая.тоннд хүрснээр түүхий эдийн зах зээл 68500 тонн цэвэршүүлсэн хар тугалганы хомсдолтой байна гэж IZLSG (International Zinc and Lead Study Group)-с мэдээлсэн байна. 2014 оны 12-р сард Австрали, АНУ, Герман, Польш, Өмнөд Солонгос зэрэг улсууд нь БНХАУ-д хар тугалгын баяжмал экспортлосон хэмжээгээрээ тэргүүлсэн байна. 2014 онд хар тугалгын дундаж үнэ 2094.24 ам.доллар/тн болсон нь өмнөх 2013 оны дундаж үнэ болох 2142.26 ам.доллар/тн-той харьцуулбал 2.17%-иар буурсан үзүүлэлт юм.
(Эх сурвалж: www.lme.com)
ЦАГААН ТУГАЛГА: Цагаан тугалга, цагаан тугалгын хайлшийн импортын хэмжээ 6 болон 7-р саруудад эрчимтэй өсөлттэй байснаас шалтгаалан БНХАУ-ын зах зээлд бага зэрэг илүүдэл бий болж улмаар 8,9,10-р саруудад үнэ буурсан байна. Харин 11-р сард цагаан тугалгын үнэ бага зэрэг өссөн нь төв банкуудаас авч эхэлсэн арга хэмжээний үр дүнд юм. Гэвч 12-р сард цагаан тугалгын үнэ 19820.24 ам.доллар/тн болсон нь өмнөх сараас бага зэргийн буюу 0.71%-иар буурсан үзүүлэлт болсон байна. 2014 оны 12-р сарын 12-ний өдөр 1 тонн цагаан тугалга 20425 ам.доллараар үнэлэгдэж байсан нь сарын хамгийн өндөр үзүүлэлт болоод байсан бол сарын дунд үеэс сарын төгсгөл хүртэл бага зэргийн хэлбэлзэл ажиглагдсаар 12-р сарын 23-ний өдөр 1 тонн цагаан тугалга 18530 ам.доллар болсон нь тухайн сарын хамгийн бага үзүүлэлт болсон байна. Өнгөрөгч 2014 онд цагаан тугалгын дундаж үнэ 21909.3 ам.доллар/тн болсон нь 2013 оны дундаж үнэ болох 22316 ам.доллар/тн-той харьцуулбал 1.79%-иар буурсан үзүүлэлт юм.
(Эх сурвалж: www.lme.com)
МОЛИБДЕНИ: БНХАУ-д молибдений баяжмалын эрэлт бага байгаа учир зах зээл ерөнхийдөө удаашралтай байгаа билээ. Гэвч молибдений гол уурхайнууд молибдений баяжмалаа тогтоосон хэмжээгээр, тогтмол гаргасаар байна. 2014 оны 11-р сард молибдений үнэ 20618.88 ам.доллар/тн байсан бол 12-р сарын байдлаар 20014.76 ам.доллар/тн буюу 2.93%-иар буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Молибдений үнэ 2014 оны 6-р сард 2011 оны 7-р сараас хойшхи дээд хэмжээндээ буюу 32547.62 ам.доллар/тн-д хүрээд байсан хэдий ч 7,8-р саруудад үнэ эргээд буурсан. Үнийн энэ бууралт 11-р сард ч үргэлжлэн буурсаар байна. Шинжээчид “Одоогийн байдлаар эрэлт зогсонги байдалд байна, үнэ мэдээж дээд цэгтээ хүрсэн, одоо эргээд буурах хандлагатай байна” хэмээн www.lme.com цахим хуудсанд мэдээллэсэн байна. 2014 онд молибденийн дундаж үнэ 25489.49 ам.доллар/тн болсон нь өмнөх 2013 оны дундаж үнэ болох 22951.82 ам.доллар/тн-той харьцуулбал 11.6%-иар өссөн үзүүлэлт юм.
(Эх сурвалж: www.lme.com)
ГЯНТБОЛД: Гянтболдын баяжмал нь гангийн хайлш, барьцалдуулагч, карбид зэрэг үйлдвэрлэл, өрөмдлөгийн тоног төхөөрөмж, цахилгаан техник хэрэгсэл, улсын батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлд өргөнөөр хэрэглэгддэг гол түүхий эд болдог байна. 2014 оны 9-р сарын дунд үе хүртэл БНХАУ-ын зах зээл дээр 99.9%-ийн агуулгатай гянтболдын үнэ өөрчлөлтгүй тогтмол хэвээр буюу 49500 ам.доллар/тн байсан билээ. Гэвч 2014 оны 9-р сарын 9-ний өдрөөс эхлэн гянтболдын үнэ бага зэрэг буурч эхэлсэн байна. Үнийн бууралт 9-р сарыг дуустал үргэлжлэн, 9-р сарын 30-ний өдөр гэхэд 99.9%-ийн агуулгатай 1 тонн гянтболдын үнэ 46500 ам.доллар болсон байна.10-р сарын турш 99.9%-ийн агуулгатай гянтболдын үнэ бага зэргийн хэлбэлзэлтэй байж, сарын сүүл гэхэд үнэ 45000 ам.доллар/тн болсон бөгөөд улмаар 10-р сарын дундаж үнэ 45625 ам.доллар/тн болсон байна. 99.9%-ийн агуулгатай гянтболдын үнэ 11-р сарын байдлаар 44300 ам.доллар/тн байсан бол энэ үнэ 12-р сард 41086.96 ам.доллар/тн болсон байна. 2014 онд 99.9%ийн агуулгатай гянтболдын дундаж үнэ 50971.02 ам.доллар/тн болсон нь өмнөх 2013 оны дундаж үнэ болох 54470 ам.доллар/тн-той харьцуулбал 6.42%-иар буурсан үзүүлэлт юм.
(Эх сурвалж: www.asianmetal.com)
Онцлох мэдээ
Өнгөрөгч 2014 онд манай орны экспортын гол бүтээгдэхүүнүүд болох зэс, алт, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унасан хэвээр байлаа. Гэвч 2015 он гарсаар алтны үнэ эрчимтэй нэмэгдсэн байна. АНУ-ын эдийн засгийн өсөлт 5%-тай гарсан нь сүүлийн 10 гаруй жилд байгаагүй өсөлтийг харуулснаар алтны үнийн өсөлтөд нөлөөлсөн байна. Мөн үнийн энэ өсөлт нь АНУ-ын хөдөлмөрийн зах зээл сайжирч байгаатай холбоотой юм. Манай улсын хувьд Төвбанк өнгөрөгч 2014 онд нийт 13 тонн алт худалдан авсан байна. Энэ нь 2013 онтой харьцуулбал 2 дахин их үзүүлэлт юм. Иргэд, аж ахуй нэгжүүд 2005 онд Монголбанкинд 25 тонн алт тушааж байсан бол 2006 онд 6 тонн болтлоо буурч байсан билээ. 2006 оноос хойш тогтмол буурч байсан алт тушаалт өнгөрсөн онд УИХ-аас Монголбанкинд тушаасан алтанд ногдуулах роялти татвар 10% байсныг 2.5% болгон бууруулсантай холбоотой хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Зэстэй холбоотой нэгэн таатай мэдээ гэвэл Японы 3 дахь том зэс үйлдвэрлэгч “Mitsubishi Materials Corp” компани Оюутолгойгоос бүтээгдэхүүн нийлүүлэх урт хугацааны гэрээ байгуулахаар ажиллаж буйг “Bloomberg” мэдээлсэн тухай юм. “Mitsubishi Materials Corp” болон “Mitsui & Co” нь туршилтаар 5000 тонн зэсийн баяжмал импортлох гэрээг “Оюутолгой” компанитай байгуулсан тухай “Mitsubishi Materials Corp” –ын түүхий эд хариуцсан хэлтсийн ерөнхий менежер Тацуя Иноуэ мэдэгдсэн бөгөөд “Mitsui & Co” компани тээвэр, ложистикийг нь хариуцах юм байна. “Mitsubishi Materials Corp” нь жилд 1 сая орчим тонн зэсийн баяжмал импортолдог бөгөөд түүнийхээ 70 гаруй хувийг Өмнөд Америкаас авдаг гэнэ. Энэ талаар Тацуя Иноуэ “Бид олон нийлүүлэгчтэй болох хүсэлтэй байна” хэмээн ярьсныг “Reuters” онцолжээ. Оюутолгойн бүтээгдэхүүнийг төмөр замаар ОХУ-ын Владивосток боомтод хүргэн, дараа нь далайгаар Японруу тээвэрлэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, Шикокү бүсийн Кагава муж дахь “Mitsubishi Materials Corp” компанийн үйлдвэрт аваачих юм байна. Үүнд 30 хоног зарцуулахаар байгаа бол Өмнөд Америкаас бүтээгдэхүүн тээвэрлэхэд 304 хоног зарцуулдаг байна. Оюутолгойн зэсийн баяжмалыг зөвхөн БНХАУ-руу бус Азийн өөр нэгэн том зах зээлд нийлүүлэх боломж ийнхүү бүрдэж байна. Эхний ээлжинд “Оюутолгой” компаниас Япон улсруу зэсийн баяжмалын туршилтын экспортыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна.
Голлох ашигт малтмалуудын 2013-2014 оны дундаж үнэ болон өөрчлөлтийг доорх хүснэгтэд үзүүлэв.
Ашигт малтмалын нэрс |
Нэгж |
2013 оны дундаж үнэ |
2014 оны дундаж үнэ |
Өөрчлөлт |
Алт |
$/унци |
1411.03 |
1271.19 |
-9.91% |
Мөнгө |
$/унци |
23.82 |
19.07 |
-19.94% |
Зэс |
$/тн |
7325.8 |
6859.5 |
-6.37% |
Цайр |
$/тн |
1910.1 |
2161.05 |
+13.14% |
Хар тугалга |
$/тн |
2141.95 |
2095.44 |
-2.17% |
Цагаан тугалга |
$/тн |
22309.3 |
21909.93 |
-1.79% |
Молибдени |
$/тн |
22583.0 |
25202.97 |
+11.6% |
Гянтболд 99.9% |
$/тн |
57274.19 |
50971.02 |
-11.01% |
Төмрийн хүдэр 58% |
$/тн |
124.97 |
93.11 |
-25.49% |