Кадастрын мэдээллийг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлжээ
“Уул уурхайн кадастрын компьютержсэн системийг интернэт орчин байршуулах төсөл” хэрэгжүүлсэн талаар хэвлэлийн баг хурал болов.
АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар хэвлэлийн бага хурал дээр мэдээлэл хийхдээ “Манай хэлтэст Дэлхийн банкны санхүүжилтээр “Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техник туслалцааны төсөл”-ийн дэд хэсэг болох “Уул уурхайн кадастрын компьютержсэн системийг интернетийн орчинд байршуулах төсөл” амжилттай хэрэгжиж дууслаа.
2012-2014 онуудад хэрэгжсэн энэ төслийг ХБНГУ-ын уул уурхайн кадастрын системийг суурилуулах арвин туршлагатай, мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “ГАФАГ” компани хийж гүйцэтгэсэн юм. Уул уурхайн кадастрын компьютержсэн системийн хувьд орчин үеийн газарзүйн мэдээллийн систем болон хүчирхэг өгөгдлийн санд суурилагдсан, мэдээллийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг бүрэн хангах юм. Тэрчлэн энэ цахим системд газарзүйн мэдээлэл болон орон зайн өгөгдлийн мэдээллийг түлхүү ашигласан нь энэ системийн давуу талб олж байгаа юм. Кадастрын үйл ажиллагааны үндсэн горимууд автоматчлагдаж энгийн хялбар, түргэн шуурхай болсон, энэ цахим системийг ашигласнаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголтын ажиллагаа улам түргэн шуурхай, чанартай хийгдэнэ, үйлчилгээний чанар сайжрана, ингэснээр кадастрын мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн бүтээмж дээшилж ажлын ачаалал буурна, кадастрын үйл ажиллагааны ил тод байдалд ахиц гарна.гэж онцлон дурдлаа.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлснээр олон нийт, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, орон нутгийн төрийн байгууллага болон бусад төрийн байгууллагад мэдээллийг түргэн шуурхай хүртээмжтэй түгээх боломж нээгдэж байна. Тэрчлэн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид дэлхийн аль ч өнцгөөс хаанаас ч кадастрын мэдээллийг цаг алдалгүй авах боломж бүрдэж байгаа юм.
Энэ цахим системийг ашигласнаар кадастрын мэдээллийг олон нийтэд илүү ил тод нээлттэй болгож тусгай зөвшөөрлийн мэдээллээ харах, өргөдөл гаргах чөлөөтэй талбайг олж давхцлыг шалгах, сонгон шалгаруулалтын талаарх мэдээлэл авах, тухайн өргөдөл нь аль шатандаа байгааг үзэх, аймаг болон сумын засаг дарга, холбогдох ажилтнууд кадастрын мэдээллийг ашиглан шийдвэр гаргах түүнчлэн төрийн бусад байгууллагууд, шийдвэр гаргагчдыг мэдээллээр тогтмол хангах боломжтой болсон.
Хэвлэлийн бага хуралд АМГ-ын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Заяабат, тус газрын компьютер, программ хангамжийн инженер Э.Амартүвшин нар бас оролцсон байна