Хийн аюулгүй ажиллагааны “GAS SAFETY 2026” сургалтын нээлт боллоо

ХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ “GAS SAFETY-2026” СУРГАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО

Ашигт малтмал, газрын тосны газар нь Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас дэвшүүлсэн агаар орчны бохирдлыг бууруулах, хүлэмжийн хийг багасгах зорилт хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд байгаль орчинд сөрөг нөлөө багатай хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, салбарын хөгжлийг дэмжих, эрхзүйн орчныг боловсронгуй болгох, хангамж, нийлүүлэлт, ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны тогтолцоог бэхжүүлэх зорилгоор БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Монгол Улсын шатдаг хийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чадавхыг бэхжүүлэх” төслийг БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпорацитай хамтран 2025-2027 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд Онцгой байдлын байгууллагын албан хаагчдад зориулсан “GAS SAFETY 2026” хийн ажиллагааны сургалтыг 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 12-ний өдрүүдэд хамтран зохион байгуулахаар болж өнөөдөр албан ёсны нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Тус сургалтын зорилго нь хийн аюулгүй ажиллагааны чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, түүнийг чадавхижуулах, сургалтуудыг үе шаттай зохион байгуулах бөгөөд тус сургалтад онцгой байдлын 100 албан хаагч хамрагдах юм. БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпораци “KGS”, Сөүл хотын Гал түймэртэй тэмцэх газар “NPA” болон Мэдээлэл, технологи, үйлдвэрлэлийг дэмжих үндэсний агентлаг “NIPA”-тай хамтран тус сургалтыг үр дүнтэй зохион байгуулахаар хамтран ажиллаж байна.

Нээж:

1. Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг

2. АМГТГ-ын Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Ч.Чулуунбат

3. БНСУ-ын Хийн Аюулгүй Байдлын Корпораци (KGS)-ийн сургалтын төвийн дарга И Жэ Юн

4. КОЙКА-ийн МУ дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Со Хён Жэ

5. "Монголын Хийн Түлшний Холбоо" ТББ-ын Гүйцэтгэх захирал Н.Баатардорж нар нээж төслийн ач холбогдол үр дүнг танилцуулж үг хэллээ

Сургалтын агуулга:

- Шатдаг хийн шинж чанарт тулгуурлан ослын үеийн хариу арга хэмжээ авах аюулгүй байдлын сургалт

- Шатдаг хийн ослын дараа дахин давтагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор шинжлэх ухааны аргаар ослын шалтгааныг тогтоох аргачлалыг заах сургалт

- Шатдаг хийн ослын тархалтыг багасгах, аврах ажиллагаа зэрэг гамшгийн хариу арга хэмжээний тогтолцооны сургалт гэх мэт онол практикийн өндөр ач холбогдолтой сургалт болж буйгаараа онцлог юм.

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР


Эх сурвалж

Төрийн захиргааны удирдлагын газар

Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах ажилтан Э.Батжаргал

Утас:51-263922

2026-03-04


Мэдээлэл
Уншихад: ~2 мин
Үгийн тоо: 320 үг (2493 тэмдэгт)
Уншсан: 33
Төрөл: article
Нийтэлсэн: 2026-03-04 12:54:13
Шинэчилсэн: 2026-03-04 14:14:30
Хуваалцах