“GAS SAFETY & TECHNOLOGY CONFERENCE–2026” зөвлөгөөн Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна

Монгол Улсын хийн салбарын хөгжил, аюулгүй байдал, дэвшилтэт технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Gas Safety & Technology Conference–2026” зөвлөгөөн 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр буюу өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээ нь “Нүүрснээс хийнд – Монгол Улсын тогтвортой эрчим хүчний аюулгүй байдлыг төлөвлөх” уриан дор зохион байгуудагдаж байгаа бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллийг нэгтгэсэн өргөн хүрээтэй зөвлөгөөн болж байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар нээлтийн үгэндээ: “...Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд шатдаг хийн халаалтын систем нэвтрүүлэх, нүүрсний хэрэглээг бууруулж хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах нь нэн тэргүүний зорилтуудын нэг болж байна.

Үүнтэй холбоотойгоор хийн түлшний аюулгүй, зөв хэрэглээ болон хийн түлшний түгээлт, борлуулалт, хадгалалт, тээвэрлэлт, ашиглалтын үеийн аюулгүй байдал, хяналтын тогтолцоог бэхжүүлэх шаардлагын хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газар нь 2025 онд БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпорац /KGS/-тай шатдаг хийтэй холбоотой үйл ажиллагааны аюулгүй байдал, эрх зүйн орчин, сургалт судалгааны чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан, туршлага солилцох, холбогдох сургалтууд зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллаж ирсэн.

Улмаар БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-ын дэмжлэгтэйгээр тус улсын Засгийн газрын 1.81 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Монгол Улсын шатдаг хийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чадавхыг бэхжүүлэх” анхан шатны техникийн туслалцааны төслийг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр талууд бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд тус төслийн Солонгос талын хэрэгжүүлэгч байгууллагаар БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпорац /KGS/ ажиллаж байна.

Төслийн хүрээнд Монгол Улсын хийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд хууль, эрх зүйн орчны харьцуулсан судалгаа хийх, Хийн аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох эрх зүйн баримт бичгүүдийн төсөл боловсруулах, мэргэжилтэн, албан хаагчид болон сургагч багш нарыг мэргэшүүлэх, дадлагажуулах, чадавхижуулах сургалтууд зохион байгуулах, хийн аюулгүй байдлын сургалтын орчинг бий болгох, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, сурталчлан таниулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа болно.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улс, БНСУ-ын салбар хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжихөөс гадна манай улсын шатдаг хийн импорт, тээвэрлэлт, хангамж, түгээлт, ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны эрх зүйн орчин боловсронгуй болгох, хяналтын тогтолцоо, чадавхийг бэхжүүлэх, салбарын хүний нөөцийг мэргэшүүлэх, дадлагажуулах, бүх түвшинд хийн түлшний зөв мэдлэг, мэдээлэл олгох зэрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой ажил болох юм...” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Арга хэмжээнд Монголын талаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох төрийн байгууллагууд оролцох бол БНСУ-ын талаас KOICA, KGS (Korea Gas Safety Corporation), болон хийн аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд оролцож олон нийтэд үйл ажиллагаагаа сурталчилан танилцуулж байна.

Зөвлөгөөний үеэр:

Монгол Улсын хийн түлшний салбарын өнөөгийн нөхцөл байдал,Жижиг оврын хийн импорт, хадгалалт, хэрэглээний орчны шинжилгээ,Нүүрснээс хийн түлшинд шилжих шилжилтийн бодлого,БНСУ-ын хийн аюулгүй байдлын туршлага,Хийн тоног төхөөрөмж, дэд бүтцийн технологийн шийдлүүд,Монгол, Солонгосын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны боломжийн талаар илтгэл, танилцуулгууд хийгдэх юм. Мөн арга хэмжээний хүрээнд Монгол, Солонгосын аж ахуйн нэгжүүдийн B2B уулзалт, туршлага солилцох хэлэлцүүлэг, хамтын ажиллагааны санал солилцох уулзалтууд болно. Зохион байгуулагчдын зүгээс энэхүү зөвлөгөөн нь Монгол Улсад хийн салбарын аюулгүй ажиллагааны стандартыг сайжруулах, дэвшилтэт технологийг нутагшуулах, эрчим хүчний эх үүсвэрийн төрөлжилтийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэж үзэж байна.



Эх сурвалж

Төрийн захиргааны удирдлагын газар

Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах ажилтан Э.Батжаргал

Утас:51-263922

Мэдээлэл
Уншихад: ~3 мин
Үгийн тоо: 514 үг (4186 тэмдэгт)
Уншсан: 28
Төрөл: article
Нийтэлсэн: 2026-05-13 14:00:34
Хуваалцах